Умард Солонгос ирэх жил хүнсний ноцтой хомсдолд орж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-29 15:43:07

СӨҮЛ. /TASS/. Ирэх онд хүнсний ноцтой хомсдолд орох аюул Умард Солонгост нүүрлээд байна. Энэ тухай Өмнөд Солонгосын “GS&J Institute” эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Сөүл хотод нийтэлсэн тайланд дурджээ. 

Тус хүрээлэнгийн тайланд дурдсанаар, “2016 онд Умард Солонгос нэг сая тонн хүнсний хомсдолд орж болзошгүй”. “Энэ нь Ким Жөн Уныг 2011 онд төрийн эрхэнд гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт” болохыг баримт бичигт онцлон тэмдэглэсэн байна. Умард Солонгост 25 сая хүнийг тэжээхийн тулд нийтдээ 5.4 сая тонн хоол хүнс зайлшгүй шаардлагатай байгааг шинжээчид онцлон тэмдэглэж байна.

“Сүүлийн 100 жил дэх хамгийн хүчтэй ган гачиг болсны улмаас Умард Солонгосын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл энэ онд 10 орчим хувиар буурсан” гэж GS&J Institute хүрээлэнгийн мэргэжилтнүүд онцлон тэмдэглэжээ.

Энэ оны дөрөвдүгээр сард нийтэлсэн НҮБ-ын тайланд дурдсанаар, тус улсын хүн амын 70 орчим хувь нь хоол тэжээлийн дутагдалд орсон байна.

Эрх баригчдынх нь хөдөө аж ахуйн салбарт явуулсан буруу бодлого болон ургац алдсаны улмаас шинжээчдийн янз бүрийн тооцоогоор 1994-1998 онд Умард Солонгост 200 мянгаас 1 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж нас баржээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ