Палестинчууд өлсгөлөнгөө зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-28 11:50:32
ИЕРУСАЛИМ. /ВВС/. Хорих ангийн нөхцөл муу байгааг эсэргүүцэн олноороо өлсгөлөн  зарласан палестинчууд өлсгөлөнгөө зогсоожээ.

Израилийн шоронд хоригдож буй 1187 хоригдол жил бүр болдог “Палестины хоригдлуудын өдөр”-өөс буюу дөрөвдүгээр сарын 17-ноос өлсгөлөн зарлаж эхэлсэн юм.

Израилийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, лалын шашинтнуудын ариун Рамадан сар эхлэх гэж байгаатай холбогдуулан хоригдлуудыг сард нэг бус, хоёр удаа эргэж байхыг ар гэрийнхэнд нь зөвшөөрсний дараа буюу баасан гарагт хоригдлууд өлсгөлөнгөө зогсоосон байна.

Таван хүний амийг хөнөөсөн хэргээр Израилийн шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон Палестины удирдагчдын нэг Марван Баргути уг өлсгөлөнг удирдан зохион байгуулсан юм.


Баргути бол Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббасын "Фатах" намын гол хүмүүсийн нэг бөгөөд М.Аббасыг залгамжлах магадлалтай хүн билээ.
 
Израильд палестинчуудыг хорьж байгаа нь хоёр талын хооронд хурцадмал байдлыг үүсгэж буй гол шалтгаануудын нэг юм. Израильд хоригдож буй палестинчуудыг "улс төрийн хоригдол" гэж Палестины тал үздэг. Тэдний ихэнх нь Израилийн эсрэг халдлага үйлдсэний учир ял эдэлж байгаа юм.
 
Өнгөрсөн оны эцсийн байдлаар, Израилийн шоронгуудад 7000 орчим палестин хүн хоригдож байжээ.
Г.Доржханд
 
 
Холбоотой мэдээ