Монголчууд долоон жилд 10 сая мод тарьжээ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2017-05-24 10:39:02
 
“Жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн“бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласугай”  гэсэн заалттай 63 тоот зарилгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж  2010 оны дөрөвдүгээр сарын 14-нд гаргасан байдаг. Зарлигт заасан  2017 оны хаврын “мод тарих үндэсний өдөр” тавдугаар сарын 13-нд болж өнгөрлөө.Нийслэлийн хэмжээнд  мод тарих үндэсний өдрөөр  төр, хувийн хэвшлийн 17 787 иргэн, 78 132 ширхэг мод тарьжээ.  
 
Тухайлбал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дөрвөн га газарт мянга орчим хүн чацаргана, хайлаас, улиас, бургас 2000 ширхэгийг тарьсан бөгөөд тус хүрээлэнд “Элчин төгөл” бий болгосон нь хаврын мод тарих үндэсний өдрийн онцлог байжээ. Тус төгөлд мод тарих ажилд манай  улсад, гадаад улсаас сууж байгаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдууд, Элчин сайдын яамныхан оролцсон байна. Эдгээр Элчин сайдын яамныхан төгөл дэх суулгацуудынхаа усалгаа, арчилалтыг давхар хариуцах аж. Нийслэлийн Байгаль  орчны газар 2017 оны хаврын мод тарих ажлыг зохион байгуулжээ.
 
Үндэсний мод тарих өдрийг угтан нийслэлийн Байгаль орчны газраас дүүрэг тус бүрт тарьц, суулгацын  үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, аж ахуйн нэгжийн төлөөлөл иргэдийг хамруулан  өргөн хүрээний сургалт зохион байгуулжээ. Ийм ажил хийсний үр дүнд  4 312  модыг  аж ахуйн нэгж, иргэн хашаандаа тарьсан дүн мэдээ гарсан байна.
 
Гэхдээ мод  тарих үйл ажиллагаа  мэргэжлийн байгууллага аж ахуйн нэгжүүдийн хувьд энэ хоёр өдрөөр хязгаарлагдахгүй 5-10 дугаар сарын  дунд хүртэл үргэлжилнэ. Улсын хэмжээний 2017 оны аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн тарьсан   модны нэгдсэн дүн хараахан гараагүй байна. Харин “мод тарих үндэсний өдөр”-тэй болсон 2010 оноос 2016 оныг хүртэл долоон жилийн хугацаанд улсын хэмжээнд тарьсан модны нэгдсэн дүн гарсан байна.
 
 Түүнийг он тус бүрээр нь нэг бүрчлэн авч үзье. 2016 онд улсын хэмжээнд 3755 байгууллага, аж ахуйн нэгж, 105 329 иргэн 913  710 ширхэг,
 
2015 онд 1145 байгууллага аж ахуйн нэгж, 227000 иргэн 1 795 900 ширхэг,
 
2014 онд 7105 байгууллага аж ахуйн нэгж,150 363 иргэн 1 368 676 ширхэг,
 
2013 онд  113 24  байгууллага аж ахуйн нэгж, 189 000 иргэн 1 200 000  ширхэг,
 
2012 онд 7284 байгууллага аж ахуйн нэгж, 191 000 иргэн 1 563 000 ширхэг,
 
2011 онд 4669 байгууллага,  аж ахуйн нэгж , 157 000 иргэн 1 480 000 ширхэг,
 
2010 онд 7689 байгууллага аж ахуйн нэгж,  220 000 иргэн 1 754 000 мод  тус тус тарьжээ. Монголчууд сүүлийн  долоон жилийн хугацаанд “мод тарих үндэсний өдөр” 14  удаа тохиож, мэргэжлийн байгууллагууд, иргэдийн оролцоотойгоор өнгөрсөн долоон жилийн хугацаанд нийт 10 сая 76 мянга 286 ширхэг мод тарьсан  байна.   
 
Үндэсний мод тарих өдөр 2010 оноос өмнө  төрийн байгууллагын зааж өгсөн газарт нүх ухаж мод суулгаж анхны услалтыг хийчихээд яваад өгдөг бүх нийтийн субботник биш болсон.  Энэ өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн мэт хашаа, харуул, хамгаалалттай цааш нь мэргэжилтнүүд нь аваад явчихдаг газруудад иргэд  мөнгөөрөө суулгац худалдаж аваад тарилт хийх хүсэлтэй болсон тухай нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Г. Нацаг ярилаа.
 
Энэ хугацаанд мод тарихыг  иргэний үүрэг болгон  “Ойн тухай хууль”-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэсэн заалт оруулсан байна. Харин одоо иргэд хуулиар хүлээсэн үүргээ хэр зэрэг биелүүлж байгаа талаар дор бүртээ эрэгцүүлэн бодоход илүүдэхгүй болов уу.
Та үүргээ биелүүлж энэ хавар мод тарив уу, хандив өргөв үү.

Нийслэлийг цэцэрлэгжүүлэхэд 4-6 метрийн өндөр ургаж байгаа  нарс, гацуур, хар модыг шигүү ойг сийрэгжүүлэх замаар техинологийн дагуу шилжүүлэн  тарих ёстой гэж ахмад дендерлогч Б. Чимид хэлж байна. Тэрбээр ойгоос ийм ургалттай мод  авч ирж  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үүд, Төрийн шагналт дорно дахины их  яруу найрагч Б. Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт  хүрээлэнд  суулгасан одоо сайн ургалттай байгаа. Ийм жишээ олныг хэл болно гэж  хэлсэн юм.  

Харин ойгоос ургаж байгаа гацуур, нарс, хар мод  нийслэлийн гудамж талбай олон нийтийн газар тарих нь ойн санд муугаар нөлөөлдөг. Түүнээс гадна үндэсний систем гэмтэж ургах магадлал буурдаг сул талтай гэж судлаачид, ойн мэргэжилтнүүд  хэлж байна. Ойгоос ургаж байгаа мод нийслэлд шилжүүлж суулгах нь хоёр талтай байдаг бололтой. Нийслэл, төв суурин газрыг цэцэрлэгжүүлэхэд, үржүүлгийн аж ахуйн нэгжүүдийн үрсэлж бэлтгэсэн модыг ашиглах нь хамгийн оновчтой хэлбэр гэнэ. Мод үржүүлгийн аж ахуй, иргэд ажилтай орлоготой болдог сайн талтай юм байна.

Суулгац, бэлдэцийн  хамгийн том худалдан авагч нь төр байдаг. Гэвч төрийн байгууллага хэт хялбарчилж мод ,суулгац импортолж алдаа гаргадаг байна. Нийслэлийн хувьд хаана, хэдэн онд ямар талбайг цэцэрлэгжүүлэх вэ, тэнд ямар мод илүү ургах талаар судалгаа хийж мод үржүүлгийн аж ахуйн нэгжүүдэд захиалгаа өгөөд явах юм бол нийслэлд том том ногоон байгууламж бий болгох боломжтой гэнэ.
 
Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн талаар1924-1925 оны үеэс хүчтэй яригдаж сан байгуулахад тухайн үед 3000 төгрөг хуримтлагдаж байсан байна. Харин 1930 онд Монголбанкны үүдэнд лавар навчит анхилун үнэрт улиас модыг тарьснаар нийслэлийн цэцэрлэгжүүлэлтийн суурь тавигдсан гэж үздэг юм байна. Тэр үед Монголбанк одоогийнх шиг том байшинтай байгаагүй. Байрлал нь мөн боловч байшин хожим томорч баригдсан тул уг улиас байхгүй болжээ.  
 
Нийслэлд хамгийн эхлээд Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийг байгуулж байсан байна. Түүний дараа Төв шуудан, 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийн эргэн тойронд цуцурлэгжүүлэлт хийсэн байна. Энэ талаар төр засгийн газраас 1940 оноос эхлэн шийдвэрүүд гаргаж байсан байна. Харин Улаанбаатар хотыг цэцэрлэгжүүлэх үйл ажиллагаа 1955 оноос эрчимтэй хийгджээ.
                                                                                                               
     Г. Эрдэнэбат
 
 

 
Холбоотой мэдээ