"Өвөрхангайн бахархал" төсөл алдартнуудынхаа тухай сэргээн сануулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2017-05-14 01:34:23
Өвөрхангай /МОНЦАМЭ/ "Залуу хүн нөөц баялаг, нийгмийг хөдөлгөх хүч" гэсэн сайхан үг байдаг. Залуучууд нийгэмд идэвхтэй оролцсоноор тогтвортой хөгжлийг авчирдаг гэдэг нь үе үеийнхний туршлагаас харагдана. Тэгвэл Өвөрхангайн залуучууд нэгдэж төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөөх нэгэн үүд хаалгыг нээлээ. Өвөрхангай нутгийн түүх соёл, алдартан гавъяатнууд, авъяас билигтнүүдийг танилцуулах, мөнхжүүлэх, сурталчлах, өвлүүлэн үлдээх, бахархах гээд олон зорилго агуулж буй "Өвөрхангайн бахархал" хэмээх томоохон төсөл хэрэгжиж эхлээд сар гаруйхан хоногийг ардаа үлдээсэн ч багагүй ажлыг амжуулаад байна. 
"Аюуш баатар" гэж хүн бүр танимгайрах ч яг үнэндээ Арвайхээрийн төв талбай дээрх хөшөө баримлаар л мэддэг байсан гэвэл хилсдэхгүй. 1945 оны 8 сард хурандаа Д.Нянтайсүрэнгийн командалсан мотобуудлагын VII бригадад байлдаж байх үедээ Чуулалт хаалганы давааны амыг байлдан тагнах Японы талын хүчийг сааруулах үүрэг хүлээж, эх орон, ард түмнийхээ төлөө алтан амиа алдсан Л.Аюуш баатрыг ийнхүү 70 гаруй жилийн дараа "Өвөрхангайн бахархал" төслийнхөн сэргээн сануулсан юм. Түүний амьдрал, зам мөрийн талаар "Гуулин ээмэг" хэмээх ном хэвлэгдэж, драмын жүжиг тавигдсан. Энэ ажлыг Өвөрхангайн хэсэг залуучууд санаачлан хэрэгжүүлсэн нь өөрөө бахархал төрүүлэв.
Төслийхний дараагийн ажил "Бидний авъяас-Бидний бахархал" нэртэйгээр үргэлжилж байна. Аймгийн БСУГ-аас "Өвөрхангайн бахархал" төслийг дэмжиж, "Соёлын үйлдвэрлэл" хөтөлбөрийнхөө хүрээнд авъяаслаг залуучуудын тоглолтын үйл ажиллагааг санаачлаад байгаа юм. Хайрхандулаан, Нарийнтээл, Баруунбаян-Улаан, Есөнзүйл, Гучин-Ус, Баянгол, Бат-Өлзий сумдын харъяат эгэл жирийн уран бүтээлчид дуу хуурын цэнгүүнээ 5 сарын 15-ны өдөр Арвайхээр хотноо Хөгжимт драмын театрт зохион байгуулах гэж байна. Эстрад урлагийн анхны гавъяат, "Соёл-Эрдэнэ" хамтлагийн үүсгэн байгуулагч Д.Галсанбатын нэрэмжит "Аймгийн эстрад дуулаачдын уралдаан"-ы болон "Аймгийн Цэргийн дууны уралдаан"-ы тэргүүн байрын шагналтнууд, "Авъяаслаг Монголчууд" Universe Best Songs уралдааны шагналт байрын эзэд гээд авъяасаараа бахархсан долоон уран бүтээлч та бүхэнд ая дууны эгшгэн хадаг өргөнө. 
Тоглолт ардын, зохиолын, эстрад дууны төрлөөр  явагдах бөгөөд орлогын 50 хувийг Соёл урлагийг хөгжүүлэх санд, 25 хувийг дуучдын төрөлх сумдын Соёлын төвд, үлдсэн 25 хувийг дуучид, уран бүтээлчдэд олгох ажээ.
"Бидний авъяас-Бидний бахархал" тоглолтыг дэмжиж Болор цомын хошой тэргүүн шагналт, яруу найрагч, Монголын Үндэсний Номын сангийн захирал Б.Ичинхорлоо номын дээжсээр хандив өргөн мялаасан бол Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга, МУГЖ Г.Эрдэнэбат тоглолтын өдрүүдэд өөрийн биеэр хүрэлцэн ирж, залуу уран бүтээлчдийг дэмжихээ илэрхийлсэн байна. Түүнчлэн Пентатоник академийн ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч Б.Долгион соёл урлагийг хөгжүүлж, МУГЖ Д.Галсанбатыг сурталчилж байгаа явдалд талархал илэрхийлжээ.
Монголын Үлэг гүрвэлийн төв музей тус төслийг дэмжиж, соёлын өвийн танин мэдэхүйн буддаг 200 ширхэг зурагт номыг 18 сумын Соёлын төвийн Номын санд хандивлахаар болсон байна. Мөн Гучин-Ус сумын Соёлын төвийн орон нутаг судлах танхимыг тохижуулж өгөхөө амалжээ. Энэ мэтчилэн сайн үйлсийн тэтгэх, дэмжих хүн олон. 
Цаашид "Өвөрхангайн бахархал" төслийн гутгаар дэд төсөл нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Төрийн шагналт жүжгийн зохиолч Чойжамцын Ойдовоор үргэлжилнэ.  
Б.Батчимэг
Холбоотой мэдээ