Онож хэлэхийн аргагүй өвөрмөц өнгө Цагаан суваргын содон төрх болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-10 13:49:04
Дундговь/МОНЦАМЭ/  Дундговь аймаг 2014 онд өөрийн нутагт агуулагдаж байгаа 9 гайхамшгийг нэрлэн зарласан байдаг. Үүнд  байгалийн үзэсгэлэн хийгээд түүх, соёлын дурсгалыг нэгэн зэрэг хадгалсан гайхалтай 8 газрыг багтаасан юм. 

Их газрын чулуу

Говь-Угтаал, Гурвансайхан сумын нутгийн уулзварт оршдог гудамлан эгнэсэн өвөрмөц  хадан тогтоц бүхий Их газрын чулуу Дундговь аймгийн 9 гайхамшгийн нэгдүгээрт бичигддэг.
Уртаараа 30 орчим, өргөөшөө 15 км сунаж, 600 шахам ам.км талбайг эзлэн оршдог Их газрын чулуу  далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн бөгөөд байц хад нь боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галавын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтдог байна. Өлзий, Сүмбэр, Баян уул, Хайрхан зэрэг ноёлог өндөрлөгүүдтэй. Өлгий, Бунхант, Шинэ ус, Тоонот зэрэг  их, бага нийлсэн 40 гаруй агуйтай. Хамгийн том нь 30 метр урт, 3,5 метр өргөн, 10- аад метр өндөр Тагтааны бааст хэмээх агуй юм.
 Хазаар өвс, хялгана, таана, хүмүүл, бударгана зэрэг говь хээрийн бэлчээрийн ургамал зонхилж ургахаас гадна ганга, алтан гагнуур, гичгэнэ, хунчир, далайн түрүү зэрэг гучаад төрлийн эмийн ургамал ургадаг гэж тэмдэглэгджээ. Аргаль, янгир, шилүүс, үнэг, хярс, тарвага гээд говь хээрийн бүсэд нутагшдаг 20 гаруй төрлийн ан амьтан бий. Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа 1984 оны 69-р захирамжаараа Их газрын чулууг аймгийн онцгой хяналтын бүс болгосон байдаг.  2003 онд УИХ- ын 30 дугаар тогтоолоор байгалийн нөөц газраар хамгаалалтад авсан бөгөөд 2012 онд 57 тоот тогтоолоор байгалийн бүс, бүслүүрийн хэв шинжийг төлөөлж чадах ховор амьтан, ургамлын байршил, түүх, соёлын дурсгал бүхий энэ нутгийг  байгалийн цогцолборт газар болгосон юм. Ингэхдээ тусгай хамгаалалтын хилийн цэсийг өргөжүүлж, Их газрын чулуунаас урагш Тоодогийн говь хүртэл 175.9 мянган га газрыг цогцолборт газарт багтаасан байна.
Их газрын чулууны өвөрмөц хадан тогтоц, байгалийн үзэсгэлэнт төрхтэй хослуулан Дундговь аймаг өөрийн хөрөнгөөр Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, 20- р зууны манлай уртын дуучин Н. Норовбанзад, түүний дуулж дэлхийд алдаршуулсан “Уяхан замбуутивийн наран” дуунд зориулсан дурсгалын хөшөө цогцолборыг 2006 онд сүндэрлүүлсэн. Мөн их дуучны нэрэмжит байгалийн задгай театрыг Монголд анх удаа Их газрын чулууны уулнаа байгуулсан билээ.
 
Цагаан суварга 

Дундговь аймгийн 9 гайхамшигийн хоёрдугаарт Өлзийт сумын нутаг дахь Цагаан суварга хэмээх байгалийн гайхалтай тогтоц бүхий газар бичигддэг. Дундговь аймгийн төв Мандалговь хотоос урагш 156 км- т оршдог бөгөөд Даланзадгад руу чиглэсэн авто зам ашиглалтад орсноор 100 гаруй км- ыг нь энэ замаар туулж  очдог болсон юм.
Наран шингэх зүгээсээ очиход тэгш тал руу давхих мэт санагдах боловч огцом цавчил болдог. Баруун талаасаа алсаас өгсүүр дүнхэр зооны оройгоос зүүн тийшээ өчнөөн сая жилийн нар, хур, салхи, шуурга, ус борооны улмаас эвдэрч хэдэн арван метр гүнзгий мөргөцөг үүсгэсэн төрхтэй. Мөргөцөг рүү өнгийвөл багана мэт босоо шавар ангалууд, ёроол нь харанхуйлж харагдана. Тэр гэж онож хэлэхийн аргагүй өнгө хосолсон байдаг нь ч Цагаан суваргын бас нэгэн содон төрх болдог.
Цагаан суваргын эгц цавчим мөргөцөг 60- аад метр өндөр, уртаашаа 400- аад метр үргэлжилдэг. Мөргөцөг хадан биш учраас сул шороо доош нурах аюултай, мөргөцөгийн зах ирмэгээр болгоомжтой явах хэрэгтэй байдаг. Бороо орж байгаа үед мөргөцөгийг даган дээрээс буух ус том хүрхрээ мэт харагддаг байна.
Цагаан суваргыг зорьж очвол эндээс зүүн тийш 7 км –т орших Хэвтээ, босоогийн агуйг сонирхох хэрэгтэй. Энэ нь Монгоп оронд мэдэгдээд буй элэгдэп эвдрэлийн гаралтай агуйнуудаас хамгийн том нь гэгддэг бөгөөд наанги шаварт уруйн усны эпэгдлээр үүссэнээрээ агуй судлаачдын сонирхолыг татдаг байна. Э. Авирмэд докторын тодорхойлсноор 102 метр урт. 204 м.кв талбайтай томоохон агуй гэсэн байдаг. Агуйн дотор аялахад нэг бол босч алхана, эсвэл мөлхөж явах хэрэгтэй болдог бөгөөд Хэвтээ, босоо хэмээн нэрлэсний учир ийн ажээ.
 
 Дэлгэрхангай уул

Дэлгэрхангай уул төв Халхын есөн их хан уулын гол дунд оршдог бөгөөд их эртний төрийн тахилгатай уул юм. Богд уул гэхэд бүр хожим 1778 онд, Отгонтэнгэр хайрханыг 1779, Хэнтий ханыг 1818 онд төрийн тахилгатай болгож байсан гэдэг. 300- аад жилийн тэртээ Инэл хан хэмээн энэ уулыг нэрийддэг байсан бөгөөд энэ нь энгүй их гэсэн утгатай байх гэсэн таамаг бий. Гэрсэнз Жалайр хунтайжийн гутгаар хөвгүүн Онох Үйзэн ноёны хүү Автай сайн хаан Далай ламаас  Очирбат түшээт хан цол хүртэхдээ өөрийн хошууны гол сүлдэт тахилга уул Инэл ханд “Уулсын хаан” буюу Дэлгэрхаан цол зарлигаар олгож, түүнээс хойш төрийн их тахилгатай болгож Дэлгэрхангай гэж нэрийдэх болжээ.
Өрнөөс дорнод сунаж тогтсон энэ уул Тахилгын өндөр, Зараагийн өндөр, Хөх өндөр, Гурван өндөр гэсэн залгаа дөрвөн хэсгээс бүрдэж, 70 гаруй км үргэлжилдэг. Оргил нь далайн түвшнээс дээш 1926 метрт өргөгдсөн, цэлмэг өдөр уулын оройгоос урагшаа говь Гурвансайхан, хойшоо Богд хан уулын орой харагддаг гэдэг. “Ардын уран зохиолч С. Дашдооров энэ уулын бэлд төрж, өссөн бөгөөд “Дээр нь гарахад дэлхийн бүх юм харагддаг” хэмээн шүлэглэсэн байдаг.
Дэлгэрхангай уулын оройд хэвтэш маягийн тэгш талбай бий. Үүнийг Алтан тэвш гэх бөгөөд энд нутгийн ард иргэд жил бүр зуны эхэн сард уулаа тахиж, баяр наадам хийдэг уламжлалтай. 2006 онд аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоолоор Дэлгэрхангайг аймгийн тахилгат уул болгосон тул үүнийг дагаад тахилгын үеэр болдог Алтантэвшийн бэсрэг наадам өөрийн гэсэн онцлогтой, жуулчдын сонирхол татах зан үйл болж чаджээ.
Уулын энгэрт Тэвшийн хэмээх жижиг салбар уул бий. Түүний Шүүтийн /Хөшөөт гэж бас хэлдэг/ аманд онцгой нэгэн булш, тэр хярын дэргэдүүр тод улбаа замтай. Түүнийг Хүрээ зам хэмээдэг байна. Булшнаас зүүн тийш нэгэн цооног агуй байх бөгөөд доогуураа булштай холбогдсон байж магадгүй хэмээн нутгийн иргэд ярих нь бий.
Зараанууд, Агуйт зэрэг газарт эртний дугуй дөрвөлжин булш хүрээтэй судлагдаагүй булшнууд байдаг бөгөөд Түшээт вангийн хошууны ноёдын удмынхныг нутаглуулж байсан гэдэг яриа ч бий.
 
 
Бага газрын чулуу

Дундговь аймгийн нэрийн хуудас болсон газрын нэг бол байгалийн үзэсгэлэн, түүх соёлын дурсгалыг нэгэн зэрэг хадгалж оршдог Бага газрын чулуу юм. Энэ нь Дэлгэрцогт, Адаацаг сумын нутгийн зааг дахь 15 км урт, 10 км өргөн талбайг эзэлсэн  боржин хадан  уул. Хамгийн өндөр оргил болох Тахилгат нь далайн төвшнөөс дээш 1768 метрт өргөгдсөн байдаг. Боржин хаднууд өвөрмөц содон тогтоцтой. Хадан хүрээнд уужим цэлгэр тал бүхий байршилтай.
Бага газрын чулуу түүхийн олон үед хамаарах дурсгалуудтай. Хэд хэдэн аманд тархан байрласан  хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булш хиргисүүр түрэгийн үеийн дөрвөлжин хашлага, зэл чулуу, монголчуудын дунд үеийн булш гээд 200 гаруй  булш хадгалагддаг. Мөн хадны зургийн дурсгалууд ч бий. 1989 онд Монгол, Унгар, Зөвлөлтийн хамтарсан баг Дунд шандын аман дахь Хүннүгийн үеийн булшинд малтлаг хийж судалсан  бол 2003 - 2008 онд Америк Монголын хамтарсан судалгааны баг  Бага газрын чулууны уулын томоохон талбайд малтлаг судалгаа хийж нийт 1659 гаруй дурсгал илрүүлэн бүртгэсэн байдаг.
Бага газрын чулууны бүс нутагт Ловончимбийн хийд хэмээх өвөрмөц нэгэн сүмийн туурь бий. 1800- аад оны эхээр бясалгал хийх зориулалтаар барьсан гэх энэ сүмийн туурь Бага газрын чулууг зорин очсон хүн бүрийн сонирхон үздэг газар юм. Энэ туурь Бага газрын чулуун дахь үзэсгэлэнт Сөдөтийн аманд байдаг. Сөдөтийн хоолойн зүүн талаас түрсэн хадат хошууг тойрч, бяцхан хавцлаар өгсөхөд хадан хүрээн дотор улиасан төгөл дунд туурь орших бөгөөд энд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж байсан гэдэг. Тэд тус тусынхаа гэрийг барихдаа уулын горхийг гэрийнхээ доогуур урсаж байхаар бууриа засч, гэрээсээ гаралгүй горхины уснаас хутган хоол, цайгаа зэхдэг байсан гэх сонирхолтой яриа бий. Лам нар бясалгал хийж байсан болохоор энергитэй газар гэж ч хүн ард сүслэн ирдэг ажээ.
 
Онгийн хийд

Онгийн хийдийн туурь бол Дундговь аймгийн тусгай хамгаалалттай, түүх соёлын томоохон дурсгалуудын нэг юм. Хангайн нурууны зүүн өвөр хажуугийн Ногоон нуураас эх авч Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Улаан нуурт цутгадаг 403 км урт Онги гол Дундговь аймгийн ганцхан сумын нутгаар 54 км урсан өнгөрдөг. Монгол орны гадагш урсгалгүй голуудын 3-т ордог томоохон голын нэг юм.
Энэ голын эрэгт Бари ламын хийд оршдог. Онгийн голын хойд дэнж Сант уулын өвөрт төвдийн сүм хийдийн нэгэн адилаар шатлуулж барьсан уран нарийн хийцтэй 2 хийд, мөн Чандмань уулын энгэрт нэг хийд тус тус байрлах бөгөөд монголын шарын шашны сум хийдүүдийн дунд Онгийн гурван хийд хэмээн алдаршсан байдаг. Эдгээр хийдээс нэлээд зайдуу буюу Цогт чандмань уулын энгэрт орших хийдийг “Ганданшадрүвлин” буюу хошуу хурлын хийд хэмээн нэрлэдэг байж. Эдгээр хийдээс  Хутагт ламын хийд хамгийн эрт буюу 1750- аад оны үед байгуулагдсан бөгөөд тус хийдийг говийн номч, мэргэн хутагт Ишдонилхүндэв гэдэг лам шавыг нь тавьж үүсгэн хөгжүүлжээ. Хожим Бари хамба багшийнхаа суурийг тавьсан хийдийг үргэлжлүүлэн үүсгэн хөгжүүлсэн гэдэг.
Бари лам Дамцагдорж нь Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны Онгийн улаан хошуу гэдэг газар тайж Цэрэндашийн гэрт мэндэлсэн. Бага наснаасаа Ноён хутагт Ишдонийлхүндэвийг шүтэн ном эрдэм сурч багшийнхаа зөвлөснөөр төвдийн Сэра дацанд олон жил ном судлан төвдийн номын мэргэдийн дунд Халх Дамцагдорж гэж алдаршжээ.  Бари ламын хийд нь 17 дуган, 10 орчим жастай байсан гэдэг. Хийдийн гол шүтээн нь Гомбо, Лхам сахиус байв. Хийдэд 200-300 лам шавилан суудаг байсан бөгөөд Бари лам Дамцагдорж нь төвд хэлээр 22 боть зохиол туурвиж, Монголын бурханы шашны тэргүүн V Богдын Ёнзон багш болж явсан түүхтэй.
Бари хамбын хойд дүрийг 2009 онд Өмнөговь аймгаас тодруулж, өдгөө тэрээрТөвдийн Сэра дацанд суралцаж байгаа билээ.
Онгийн хийд буюу Бари ламын үүсгэн хөгжүүлсэн хийдийн туурийг жилд гадаад дотоодын 3 мянгаад жуулчид ирж сонирхдог, Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэн хосолсон түүх дурсгалын чухал дурсгал болдог билээ.
 
Дэл уул 

 Эртний хүмүүсийн ул мөр болсон чулуун зэвсгийн үлдэгдэл, булш, хадны сийлмэл зураг, эртний бичгийн дурсгал зэрэг олон төрлийн түүх соёлын өвийг хадгалсан алдарт Дэл уул Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт сумын төвөөс 60- 80 км- т  оршдог. Өргөрөгийн дагуу 30- аад км сунасан хар хүрэн, улаан хүрэн өнгийн босоо хуудаслаг чулуун гадаргуу бүхий намхан уул бөгөөд уулын гадаргуу эгнэсэн олон дэл мэт урт урт толгодоос бүрддэг тул эртнээс “Дэл” хэмээн нэрлэгдсээр иржээ. Дэл ууланд хадгалагдаж буй дурсгалуудын дотроос нүүдэлчдийн аж ахуй, оюун санааны хөгжлийг хадгалж үлдсэн гайхамшигт дурсгал болох хадны зураг, түүхийн сурвалж болсон эртний бичгийн дурсгал зэрэг нь монгол орны говийн бүсийн томоохон дурсгалт газрын төлөөлөл гэдгийг харуулдаг байна.
Энэ ууланд 3000 гаруй хадны зураг дүрслэл, эртний руни бичгийн 4 дурсгал, Тан улсын үед хамаарах монгол, хятад бичээс, хорь орчим дөрвөлжин булш зэрэг түүх соёлын баялаг дурсгал хадгалагдаж байдаг.
Говийн бүсийн дурсгалуудаас Дэл уул нь харьцангуй сайн судлагдсан гэгддэг. Судалгааны ажлын эхлэлийг 1960 онд А. П. Оклапдников, Д. Дорж нарын удирдсан Монгол, Зөвлөлтийн шинжилгээний анги тавьсан ажээ. Дэл уулын 3 мянга гаруй дурсгалыг 6 галарейд сэдэвчлэн хувааж үздэг. Тодруулбал, хүмүүсийн ахуй амьдрал, овог аймгийн зөрчилдөөн, дайн тулалдаан, ан гөрөө, гэрийн тэжээвэр амьтад, хөсөг тээвэр гэж ангилж болно. Эдгээр дотор давхилдаж буй олон морьтонгуудын дүрслэл байдаг нь монгол оронд морь бол хүний гол унаа хөсөг байсныг , адуу туусан морьтой хүний дүрс адууг гаршуулж сүргээр нь хариулдаг байсныг илтгэдэг байх жишээтэй. 
 
 Сүм Хөх бүрд

Адаацаг сумын төвөөс урагш 30 гаруй км- т Сүм Хөх бүрд харагддаг. Зэгст нуур, нуурын дундах товцог дээр 16- 17- р зууны үед баригдаж байсан чулуун цайз бий. Төвдийн нэг ноёны хүү ирж монголчуудаар бариулсан боловч барилгыг дуусгаж амжилгүй баригдан эх орондоо буцсанаар ийнхүү оройгүй барилга үлдсэн гэх яриа бий. Ямар боловч эртний чулуун барилгын ур хийц шингэсэн энэ барилгын үлдэгдэл Дундговь аймгийн нутаг дэвсгэр дэхь улсын тусгай хамгаалалттай түүх соёлын үл хөдлөх дурсгалын нэг юм. Эргэн тойрон зэгст нууртай, усны шувууд нүүдэллэн буудаг, говийн баян бүрд болсон үзэсгэлэнт төрхтэй хосолдог.
Чулуун барилгыг өрсөн чулуу ойр орчимд байдаггүй, хуудсан чулуу бөгөөд өмнө зүгт 200 гаруй км- ээс тэмээн хөсгөөр зөөж барьсан гэх нь ч бий. Зэгст нуурийн шавар маш сайн барьцуулах чанартай тул нуурын шаврыг ч барилга барихад ашиглажээ.
 
Өөш манхан

Баруунаас зүүн тийн хөндөлсөн  2 км шахам үргэлжилсэн элсэн манхан Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт оршдог. Энэ бол Өөш манхан. Налуу өөдөө зуугаад метр өндөр элсэн манханы дээд ирмэгт гарч  урагш харахад аруу таруу загтай их хөндий говь өмнүүр цэлийх  бөгөөд энэ хөндийг Номгоны говь хэмээдэг. Тэмээ мал тавтай налайсан тэр говиос харин хойш харахад говийн хаяаг эмжин алтрах элсэн манхан үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг юм.
Өөшийн элс нарийн ширхэгтэй, аманд оронгуут хайлдаг, тун ч торгомсог. Тэрүүхэндээ нургилан нүүсэн гайхалтай төрхтэй бөгөөд дээл хувцсаа дээр нь гүвэхэд тоос шороо байтугай бага зэргийн толбыг ч арилгачих нь үнэмшмээргүй ажээ.
Манханы баруунхантаа Хөтөл хэмээх говийн шаварлаг элсэн уул бий. Түүний зүүн хойд нэг хавцал нь Тагтааны бааст хэмээх нэртэй сүрлэг сонин, уулын энгэрт тулгаж байгуулсан Хөтөл хийдийн туурьтай. Тэнд 1955 оны намар дэгдсэн их түймэрт эрсдэгсдийн дурсгалын хөшөө байдаг.
Манханы дэргэд худаг устай тул ангаж цангахын бэрхшээлгүй. Хайрханы рашаан ч зүүн хойхно бургилна.
Өөшийн элсийг түшиглэн бөөрний сувилал байгуулагдсан байдаг. Энэ элсний эмчилгээний чанарыг 1978 онд нээсэн гэдэг. Элсний ширхэг нь нарийн бөгөөд эрдэс бодисын агууламжтай. Элс нарны илчийг шингээснээр бөөрний төрөл бүрийн өвчин, үе мөч, таван цул эрхтнийг анагаах гойд тустай болдог.
Өөш манханыг зорин ирсэн бол үүнээс урагш Цагаан суварга, Тагтааны агуй, Моринтолгойн цав, Загийн усны хоолой гэх мэт говийн үзэсгэлэнт газруудыг сонирхох боломжтой.
 

Гэрэл зургийг Дундговь аймгийн музейн сан хөмрөгөөс авав
Т. Отгонтуяа    
 
 
Холбоотой мэдээ