Венесуэльд эсэргүүцлийн жагсаалын үеэр 44 хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2017-05-10 12:05:19

МЕХИКО./Sputnik/.Венесуэлийн Нийгмийн зөрчлийг ажиглагч байгууллага /OVCS/-ын мэдээлснээр, 4 дүгээр сард эхэлж, Венесуэль даяар өрнөсөөр буй эсэргүүцлийн жагсаалуудын үеэр наад зах нь 44 хүн амиа алджээ.

Эрх баригчид болон эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын хоорондох үл ойлголцол даамжирч байдал хурцадсаны улмаас хүчирхийлэл дэгдсэн бөгөөд зөвхөн нийслэл хотод гэхэд мөргөлдөөний улмаас нийт 40 орчим хүн амь үрэгдэж, 800 гаруй хүн бэртэж гэмтсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ.  

OVCS-ын мэдээлэлд дурдсанаар, 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 7-ны хооронд  мөргөлдөөний улмаас нийт 44 хүн амиа алдсан байна.

Venezuelan Criminal Forum гэдэг Венесуэлийн өөр нэгэн хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, эсэргүүцлийн жагсаалын үеэр 2 мянга орчим хүнийг баривчилснаас 650 нь хоригдсон хэвээр байгаа аж.

Латин Америкийн энэ орон улс төр, эдийн засгийн гүн хямралд нэрвэгдээд удаж байгаа юм. Венесуэлийн Дээд шүүх сөрөг хүчний хяналтанд байсан хууль тогтоох байгууллагын эрх мэдлийг булаан авах гэж оролдсоны дараа 4 дүгээр сарын эхээр тус улсын эрх баригчид болон сөрөг хүчний хооронд зөрчил тэмцэл улам хурцадсан байна.   
 

Х.Сарнай 

 
 


 

Холбоотой мэдээ