Гурвансайхан сумын иргэд мод услах уриалгад бие биеэ дууддаг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-10 09:25:16
Дундговь/МОНЦАМЭ/ Иргэн Г.Ундармаа “О.Энхтүвшингийн дуудлагаар 20 модыг хоёр тонн усаар усаллаа. Дараагийн мод услалтад Б.Энхтуяа, Э.Загдсүрэн, Х.Жигжид нарыг дуудаж байна. Дуудсан хүмүүс 24 цагийн дотор модоо усалж, зургаа оруулаарай” хэмээн сумынхаа фэйсбүүк хуудсанд бичжээ. Ингэж биеэ биеэ уриалан дуудаж ногоон байгууламжаа усалж тордох санаачлагыг Гурвансайхан сумын хэсэг залуус эхлүүлсэн байна. Фэйсбүүк группэд үүсгэсэн энэхүү challange- д иргэд  ах дүү хамаатан садан, найз нөхөд, хамт олноо дуудан, хэн хэнийхээ ард суулгүй ногоон байгууламжаа тордоход гар бие оролцохыг уриалж байна. Одоогоор 160 гаруй иргэн уриалгад нэгджээ.
Тус сум гурван жилийн өмнө сумын төвийн шинэчлэлийг хийж, аймагтаа анх удаа инженерын дэд бүтэцтэй хөдөөгийн сум болж чадсан. Бүтээн байгуулалтад иргэдийнхээ оролцоог хангаж чадсан гэдгээр ч улсад жишиг болж үнэлэгдсэн билээ.  Бүтээн байгуулалтыг дагаад сумын төвийн 11 га талбайд 8600 гаруй мод суулгасан байна. Мод услах төсөв зардал, орон тоо гэж гэж байдаггүй учраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд түр ажлын байр гарган модны усалгааг хийлгэдэг. Гэхдээ түр ажлын байр нь тийм ч олон биш учраас жил тутамд өсдөг ногоон байгууламжийг усалж тордоход хүн хүч дутагддаг ажээ. “Ялангуяа усалгааны систем хүрдэггүй зах зайдуу газрын модны усалгаа орхигдох гээд байдаг тул манай хэсэг залуус мод услах чэйлэнжийг ингэж үүсгэсэн” гэж сумын ЗДТГ- ын дарга Б. Энхтуяа ярьсан юм.
Энэ  хавар тус сумын төвийн ногоон байгууламж дахин  5.5 га- гаар өргөжинө. Иргэд шинээр 3300 гаруй мод тарьж эхэлжээ. Сумын төв нь шинэчлэгдэж, амьдрах орчин нь сайжрахад иргэд анхнаасаа идэвхитэй оролцсон, цаашид ч илүү сайн орчин бүрдүүлэхийн төлөө ингэж ногоон байгууламжаа хамтаараа тордож байгаа нь Гурвансайхан сумынхны хувьд бусдад дууриал болохоор байна
 
Т. Отгонтуяа 
 
 
Холбоотой мэдээ