Завханы “АУЭХС” ТӨХК-ийн Завхан салбар бүсдээ тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-02 16:17:17
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт баруун бүсийн эрчим хүчний салбарын ажил мэргэжлийн уралдаан, спортын наадам болж өнгөрлөө. Сүүлийн дөрвөн жил завсарлаад байсан тус их наадам нь энэ удаа Монгол Улсад Эрчим хүчний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улиастайд зохион байгуулагджээ.  Их наадамд долоон аймгийн 11 салбарын баг оролцож нарийн мэргэжлийн долоо, нийт 10 төрлөөр өрсөлджээ. Ийнхүү ажил мэргэжлийн уралдаанд 11 байгууллагын баг нийт 88 инженер техникийн ажилчид ур чадвараа сорьлоо.
Нарийн шалгуур үзүүлэлт бүхий багаар ажиллах чадвар, басхүү мэргэжлийн ур чадварыг сорьсон ажил мэргэжлийн уралдааны тэргүүн байрыг  “АУЭХС” ТӨХК-ийн Завхан салбар, удаахь байруудыг  “АУЭХС” ТӨХК,  “Баянхонгор эрчим  хүч” ЦТ ХХК, “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК-уудын баг эзэлжээ.  Энэ удаагийн ажил мэргэжлийн уралдааны онцлог нь  эрчим хүчний инженер техникийн ажилтнуудад тавигдах шаардлага өндөрссөн буюу багт гүйцэтгэх хүн нэг бүрийн үүргийг тодорхой зааж, гүйцэтгэлд нарийн хяналт тавьжээ. Мөн шинээр нэмэгдсэн нэг шалгуур нь гэрийн даалгавар буюу сургалтын макет хийх байсан бөгөөд багууд өөрийн байгууллагын онцлогийг харуулсан макетыг нэг хоногийн дотор хийж үнэлүүлжээ. Тэмцээнийг цаашид жил бүр зохион байгуулахаар болж, 2018 онд Увс аймагт хийхээр болжээ.
Дашрамд энэ жил Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95, Завхан аймагт эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байгаа аж. Энэ жилийн тухайд ОБЕГ, МХЕГ-тай  хамтран зохион байгуулж байгаагаараа өмнөх тэмцээнүүдээс онцлог болсныг зохион байгуулагчид мэдээллээ. Мөн ойн хүрээнд Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим хүчний яам хамтран“Энержи Монголиа” ОУ-ын хурал, үзэсгэлэнг ирэх тавдугаар сарын 17, 18-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ