Хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-28 22:18:25
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвд байрлаж үйл ажиллагаа явуулдаг хаяг хэвлэл, ноос ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, барилгын материал, мод модон эдлэл, эсгий, бордоо үйлдвэрлэх,  жимс мод тариалах ААНэгж хувь хүмүүсийн үйл ажиллагаатай Засаг дарга Г.Батжаргал газар дээр нь очиж танилцлаа.
Хөнгөн үйлдвэрлэгчдийн хувьд технологио илүү боловсронгуй болгох зүй ёсны шаардлага байдаг ч тоног төхөөрөмж техникийн хүчин чадал нь тэр бүр хүрэлцдэггүй. Тиймээс жижиг үйлдвэрлэгчдэд тоног төхөөрөмж, өөрсдийн ажлын байртай болох асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа бол томоохон үйлдвэрлэгчдийн хувьд зах зээлээ тэлэх сонирхолтой ба илүү өргөн хэмжээнд илүү далайцтайгаар ажиллах нөхцөлийг эрэлхийлж байна гэдгээ аймгийн Засаг даргатай уулзах үеэрээ ярьж байлаа.
Үйлдвэрлэгдчийнхээ нөхцөл байдалтай танилцах үеэрээ Засаг дарга Г.Батжаргал, "Орон нутгийн үйлдвэрлэгчдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллах болно. Аливаа төсөл хөтөлбөрийн хөнгөлөлтэтэй хүү багатай хэрнээ өндөр үр дүнд хүрэх аливаа зээлд хамруулах бодлогыг баримталж бололцоотой бүхий л талаар дэмжинэ. Удахгүй ашиглалтад оруулах АЖИЛСАГ төвдөө ажлын байрны асуудалтай дутагдалтай байгаа үйлдвэрлэгчдээ оруулж үйл ажиллагааны тасалдалд оруулалгүйгээр хэвийн ажиллах нөхцөлөөр хангана. Мэдээж өөрийн үйлдвэрлэгчдийнхээ зах зээлийг хамгаалах ба та бүхний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бүр чанартай хаана ч гологддоггүй байх ёстой. Хамгийн гол нь манай үйлдвэрлэгчид нэгнийгээ дэмжиж хамтарч ажилламаар байна. Нэгнийхээ болосвруулсаныг нь нөгөө нь авч үйлдвэрлэлдээ ашигладаг гэх мэт тогтолцоогоор дэм дэмэндээ  явчих юм бол бидэнд болоод танд олон боломж нээгдэнэ гэж харж байна" гэв.
Сонирхуулахад, Баянхонгор аймагт Дурсамж, Сувд, Билгүүн, Соёл зэрэг байгууллагын  үйл ажиллагаа нь тогтмол явагддаг хэвлэл, хаяг үйлдвэрлэлийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж байна. Мөн мод модон эдлэлийн Далай ээж, Өлзий арвижих зэрэг үйлдвэрүүдийн хийсэн тавилга захиалга болон нийлүүлэлт ихтэй. Баруун аймгуудаас тавилга үйлдвэрлэлээрээ Баянхонгор аймаг тэргүүлдэг зэрэг сайн жишээнүүд байна. Үндэсний дээл хувцас, ажлын хувцас, гутал үйлдвэрлэх “Хайрхан цохио” зэрэг хэд хэдэн газруудын үйл ажиллагаа жигдэрчээ. Мөн нэхий боловсруулах, элдэх  тоног төхөөрөмжөөр хангагдсан хэд хэдэн газрууд манай аймагт байгаа ч үйл ажиллагаа нь тогтмол биш байдаг аж. Түүнчлэн Эрдэнэт хивсний төлөөлөгчийн газар Баянхонгор аймагт энэ зун ноос ноолуур самнах үйлдвэр ашиглалтанд оруулахаар зэхэж байгаа юм байна.
                                                                                                                           Б.Мөнхзул
Холбоотой мэдээ