Чөлөөт бүсүүдэд төсвөөс 35 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-19 16:28:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Шадар сайд У.Хүрэлсүх “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа, цаашдын чиглэл” сэдвээр мэдээлэл хийлээ.

Өнөөдөр манай улсад Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур гэсэн гурван чөлөөт бүс бий. Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн чөлөөт бүс нь 500 га талбайтай, Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн чөлөөт бүсийн талбайн хэмжээ 900 га бол Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын чөлөөт бүс 708.4 га талбайд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн. Эдгээрээс Алтанбулагийн чөлөөт бүс тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа юм. Чөлөөт бүсүүд байгуулагдснаас хойш улсын төсвөөс 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний 77 хувийг Алтанбулаг чөлөөт бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан байна. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл 2010 оноос эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд Замын-Үүд сум болон Замын-Үүд чөлөөт бүсийн дунд дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын болон авто зам, холбооны байгууламжуудыг шинээр барих, шинэчлэх ажлыг хийж байгаа аж. Уг төслийн өртөг 58.8 сая ам.доллар бөгөөд төслийн гүйцэтгэл 95 хувьтай яваа юм.

Алтанбулагийн чөлөөт бүсийн хувьд тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайдын 2006 оны 48 дугаар тушаалаар чөлөөт бүсэд хэсэгчилсэн хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин бүрдэж хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна. Одоогоор хувийн хэвшлээс 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Алтанбулагт хийгдээд байгаа бол Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсүүдэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийгдээгүй гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны талаар болон чөлөөт бүс тус бүрийн үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав.

Алтанбулаг чөлөөт бүс нь 2014 оны 6 дугаар сарын 22-нд нээгдэж үйл ажиллагаа нь эхэлсэн ба одоогоор бүсийн харуул, хамгаалалтын байгууламж, түр цахилгаан хангамж, бүсийн доторх цэвэр, бохир усны шугам хоолой, усан сан, цэвэр усны эх үүсвэрийн шугам хоолой, үерийн хамгаалалтын далан, шалган нэвтрүүлэх байр, гаалийн хяналтын талбай зэрэг хийгдэж ашиглалтанд ороод байгаа юм байна. Тус бүсэд одоогийн байдлаар 49 аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийснээс 13 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн онд 16 аж ахуйн нэгжийн газрын төлбөр 24,6 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд бүсийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа гэв. Харин Замын-Үүдийн чөлөөт бүсэд худалдаа, үйлчилгээ, зочид буудал, үйлдвэр, агуулах ложистик, шатахуун түгээгүүрийн чиглэлээр 13 аж ахуй нэгж 23,6 га газрыг эзэмшиж, үйл ажиллагаа эрхлэх бүртгэл болон газрын гэрчилгээ авсан байна. Тус чөлөөт бүсээс 2015, 2016 онуудад 319 сая төгрөгийн газрын төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Цагааннуурын чөлөөт бүсэд одоогийн байдлаар 5 аж ахуйн нэгж 115 га газар эзэмшиж байгаа бөгөөд 2016 онд 68 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үргэлжлүүлэн Шадар сайд чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих ажлын хүрээн төлөвлөж буй ажлуудыг танилцуулаад УИХ, Засгийн газрын зүгээс хил залгаа улстай хамтарсан чөлөөт бүс байгуулах ажлыг эхлүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн. Энэ чиглэлээр Шадар сайдын ажлын алба болон ГХЯ-ны зүгээс холбогдох тооцоо судалгааг хийж хамтарсан чөлөөт бүс байгуулах талаар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгаа аж.


Холбоотой мэдээ