Гаднаас мал оруулахыг хориглосон аймгийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2017-04-11 12:32:47

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сумдын засаг дарга нарт үүрэг чиглэл өглөө.

Тэрээр мэдээлэлдээ “Дулааны улирал ирж малчид, мал аж ахуйн салбар  хүндхэн хаваржиж, өвс, тэжээлийн дутагдал нь малын эрүүл мэндэд нөлөөлж, хорогдол ихээр нэмэгдэж, малчдад хүндрэл учруулж болзошгүй байна. Өнөөдрийн байдлаар 130.0 гаруй мянган төл хүлээн авч, 26.5 мянган толгой мал зүй бусаар хорогдсон мэдээлэл байна. Удахгүй тариалалтын ажил эхлэх тул бэлтгэлийг сайтар хангахад анхаарч ажиллах шаардлагатай байна” хэмээгээд доорх үүрэг чиглэлүүдийг өглөө.

Үүнд: -Мал хаваржилтын байдалд үнэлэлт дүгнэлт өгч, малчид, өндөр настан, бага насны хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж шаардлагатай арга хэмжээг авах,

-Гэрээний дагуу тариалалтыг төлөвлөсөн  хэмжээнд явуулах бүх нөхцлийг хангах

-Тариалалтад шаардлагатай  зээлийн асуудлыг банкны салбаруудтай хамтран шийдвэрлэх

-Уриншийн талбайн хэмжээг эргэлтийн талбайн 40 хувь хүртэл багасгах,  малчид, малтай өрхүүдийг таримал тэжээлээр хангах замаар малчид, тариаланчдын хоорондын харилцааны асуудлыг газар эзэмших, ашиглах   гэрээнд тусгаж баталгаажуулах,

-“Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, тариаланг хослон хөгжүүлэх  бүс нутаг болгох” асуудлын хүрээнд  хэлэлцүүлэгийг 4 сарын 20-ны дотор зохион байгуулж малчид, тариаланчдын санал, дүнг нэгтгэн ирүүлэх, Шаардлагатай гэж үзвэл  аймгаас төлөөлөлийг  оролцуулах

-Бэлчээрийн төлөв байдлыг мэргэжлийн байгууллагтай хамтран тогтоож, бэлчээрийн сэргэх чадамжинд үндэслэгдсэн малын тоо, толгойтой байх чиглэлийг баримтлах, гаднаас мал оруулахыг хориглосон аймгийн шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах,

-Тэжээлийн хомсдолоос шалтгаалан мал хорогдохоос сэргийлэх, мал эмнэлэгийн үйлчилгээгээр малчдыг хангахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх,

-Улаанбаатар, Дархан хотод төв нь байрлалтай  газар эзэмшиж ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг тухайн орон нутагтаа аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ажиллагсдын нийгмийн даатгалыг төвлөрүүлэх чиглэлийг баримтлан татварын албандаа бүртгүүлэх арга хэмжээг авч 2 дугаар улиралд багтаан хэрэгжүүлэх

-Өгөгдсөн чиглэлийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх дүнг  аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлж байх гэсэн чиглэлүүдийг өглөө.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ