Б.Жонсон ОХУ-д хийх айлчлалаа цуцлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-10 12:22:02

ЛОНДОН./Reuters/. Сирид химийн зэвсэг хэрэглэн дайралт хийсэнтэй холбогдуулан тус улсын агаарын цэргийн хүчний баазад АНУ пуужингаар цохилт өгсний дараа Их Британийн Гадаад хэргийн сайд Борис Жонсон Орост хийхээр товлосон айлчлалаа цуцаллаа.

Б.Жонсон өнгөрсөн бямба гарагт мэдэгдэл хийхдээ “Сирийн нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдлөө” гэжээ. 70 гаруй иргэн, тэдний дотор хүүхдүүдийн аминд хүрсэн химийн довтолгоог Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын цэргүүд үйлдсэн гэж барууны удирдагчид буруушааж байгаа юм.

Сирийн засгийн газрын цэргүүд химийн зэвсэг ашиглан довтолж байхад Орос улс Ерөнхийлөгч Асадыг өмгөөлсөөр байна гэж Б.Жонсон зэмлэн буруушаагаад “нөхцөл байдал ийм болчихоод байхад Орост айлчлах нь зохисгүй” гэв.

Тэрбээр өнөөдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, хэлэлцээ хийх  ёстой байсан юм. Уг айлчлал нь сүүлийн таван жилийн хугацаанд Их Британийн Гадаад хэргийн сайдын ОХУ-д хийсэн анхны айлчлал болох байлаа.

Б.Жонсон айлчлалаа цуцалсныг ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова шүүмжлээд “ОХУ олон улсын хуулийг дагаж мөрдөн бусад улс оронтой тогтвортой харилцаатай байхыг эрмэлзсээр ирсэн. Харамсалтай нь, барууныхны баримталж буй гадаад бодлого тогтвортой байдлыг алдагдуулж байна” гэв.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ