Олон улсын буддистуудын өдөр Хамба лам Д.Чойжамц айлдвар айлтгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batsaikhan@montsame.mn
2017-04-08 12:45:21

Улаанбаатар / МОНЦАМЭ/.Япон улсад  2014 оны 12 дугаар сард  зохион байгуулагдсан “Дэлхийн Буддистуудын Дээд Хэмжээний Чуулган"-ы VI уулзалтаас жил бүрийн 4 дүгээр сарын 8-ны өдрийг “Олон Улсын Бурханы Шашинтнуудын Өдөр” болгохоор тунхагласны дагуу Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд өнөөдөр ёслол, айлтгалууд хийж байна.

Энэ өдрийг буддын шашныг сүсэглэдэг дэлхийн 41 орны хамтаар Монгол Улсын буддын шашинтнууд тэмдэглэж байгаа бөгөөд 2015 оноос жил бүр ёсолж ирсэн юм. Гурав дахь жилдээ энэ өдрийг  монголын лам хуврагууд  сүсэгтэн олны хамт тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөр гаргажээ. Өнөө өглөө 11 цагт Гандантэгчэнлин хийдийн Мигжэд Жанрайсигийн өмнөх талбайд Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц мэндчилгээ дэвшүүлж, айлдвар айлдлаа. Айлтгалын дараа  тэрбээр лам хуврагуудын хамт Мигжэд Жанрайсиг бурханд тахил өргөв. Сүсэгтэн олныхоо хамт  лам хуврагууд төр түмний их шүтээн, Мигжэд Жанрайсиг бурханд яг одоогоор Мандал  өргөж байна. Мандал өргөсний дараа  лам хуврагууд, сүсэгтэн олондоо зориулан Гавсүм, Шашин дэлгэрэхийн ерөөл, Жанлавцогзол, 10 дугаар   Богдын нүржин солдэв зэрэг ном хурна.

Мигжэд Жанрайсиг бурханы өмнөх талбайд сүсэгтэн олон болон сонирхсон иргэд, гадаадын жуулчид гэрэл зураг татуулан мөргөл ёслол үйлдэж байна.  Их үдийн үеэр  Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам дахин айлдвар ерөөл өргөнө гэж  зохион байгуулах комиссоос мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ