Б.Чойжилсүрэн: ОУВС 30 гаруй шаардлага тавьсны 16-н асуудал дээр байр суурь нэгдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-04-06 13:15:55

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан, “Эдийн засаг хүндэрсэнтэй холбогдуулж ОУВС-тай хамтрах нь зөв. Татвар өсгөснөөр иргэд болон аж ахуй нэгжүүдэд хэр нөлөө үзүүлэх вэ. Тэтгэврийн хандлага олон улсад ямар жишигтэй байна вэ” гэсэн асуудлыг тодруулсан.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн, уг асуултад “ОУВС-тай анхны яриа хэлэлцээрийг хийж байх үед 34-35 төрлийн шаардлага тавьж байсан. Тохиролцооны дүнд 16 орчим асуудал дээр байр суурь нэгдсэн. Татвар өсгөснөөр бага орлоготой иргэдэд нөлөө үзүүлэхгүй. 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд нийгмийн 3,4 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл ахиу цалинтай иргэдэд татварын нэмэгдэл хамааралтай. Машины татвар ч мөн адил” гэсэн бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр олон улсын жишигт тэтгэврийн насыг нэмэх бодлогыг барьж ажиллаж байгаа гэсэн хариуг өглөө.

УИХ-ын гишүүн М.Билэгт, “Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт бүтнээр нь олгох уу” хэмээн лавлахад Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “Одоогийн нөхцөлд бид 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгож байгаа. Үлдсэн 40 хувьд нь 2019 оноос нөхөн олгоно хэмээн тооцсон байсан. ОУВС-тай хийсэн тохироогоор бол 2019 онд нөхөн олголт хийхгүй. Харин дээрх 60 хувийн 40 хувьд нь хүүхдийн мөнгийг олгоно. Гэхдээ тунаж үлдсэн мөнгийг өөр зориулалтаар ашиглахгүй, хоолны талон болгож олгоно” хэмээв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Хариуцлагын асуудал ярихаар хүний муу үзэх гэлээ гэдэг. Ард түмний мууг үзсэн хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Хадгаламжийн хүүд татвар ноогдуулах асуудал дээр босго тавих хэрэгтэй” гэсэн санал хэлсэн. Үүнд нь  Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “Өнөөдөр хаа хаанаа хариуцлагатай ажиллая гэж байгаа. Хадгаламжийн хүүд босго тавих асуудал дээр тантай хамтарч ажиллая” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Тэтгэврийн нас нэмэх шийдвэрийн гол золиос нь бид болоод биднээс доошхи үеийнхэн. Би 21 жилийн дараа тэтгэвэрт гарах байсан бол одоо 26 жилийн дараа гарах нь. Нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн үлдэгдлийг өмнөх улстөрчид үр ашиггүй зарцуулж ирсэн. Хоёр нийгмийн даатгалын байцаагч ажиллах суманд хоёр давхар байшин барьсан байх жишээний. Тиймээс нийгмийн даатгалын санг хэрхэн арвижуулах гэж байна вэ” гэхэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн,“Тэтгэврийн сангийн орлого зарлагыг манай Засгийн газар тэнцвэржүүлж чадахгүй нь. Гэхдээ тэнцвэржүүлэх тал дээр ажиллаж байна" гэсэн юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, тайлбар авч байна. Үдийн цайны цаг болсон тул чуулганы хуралдаан түр завсарлалаа. Үдээс хойшхи хуралдаан 14 цагаас эхэлнэ.

Б.Туул

Холбоотой мэдээ