Хишиг-Өндөрийн “Андгай” баг амжилттай мэтгэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-06 11:01:49

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн аварга шалгаруулах "Карл попперын мэтгэлцээн"-ий тэмцээнд Хишиг-Өндөр сумын сургуулийн "Андгай" баг түрүүллээ. Тус багийг  багш Х.Мэндбаяр дасгалжуулсан байна.

Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Х.Мөнхбаатарын бэлтгэсэн "Үндэс" баг, мөн сумын нэгдүгээр сургуулийн багш Г.Цолмонгийн дасгалжуулсан "МIT 12" баг удаах байрт шалгарлаа.

Нийтдээ 6 сургуулийн 12 баг ур чадвараа сорьсон энэ тэмцээний эхний хоёр байр эзэлсэн багууд улсын аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээнд оролцох юм байна.

Булган аймагт “Оюунлаг Булган” хөтөлбөр гарган хэрэгжүүлж мэтгэлцээний урлагийг нийт сургуулиудад хөгжүүлэх, сургагч багш бэлтгэх, улсын тэмцээнд оролцож, амжилт гаргах зорилт дэвшүүлээд байна. Одоогийн байдлаар аймгийн “Илтгэгч, мэтгэлцэгчдийн холбоо” байгуулагдаж, 6 сургуульд мэтгэлцээний сургагч багш бэлтгээд байгаа юм.

М.Батжаргал

Холбоотой мэдээ