С.Эрдэнийг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-03-28 15:40:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.АН-ын дарга С.Эрдэнийг өөрийн хүсэлтээр огцрохыг тус намын дотоод сонгуульд нэр дэвшигч Н.Тэгшбаяр, Ц.Гантулга нар шаардав.

Намын дотоод сонгууль буюу Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүн, нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргыг тодруулах сонгууль ирэх сарын 02-нд буюу ирэх ням гарагт болно. Одоогоор нэр дэвшигчийн сурталчилгааны ажил өрнөж буй юм. Гэвч тус намын сонгуулийн хорооноос нэр дэвшигчдэд сурталчилгаагаа таван минутад багтаах шаардлага тавьсан байна. Ингэснээр нэр дэвшигч өөрийн намтар, мөрийн хөтөлбөрөө гүйцэд танилцуулах боломжийг хязгаарлаж байна хэмээн ҮБХ-ны сонгуулийн 63 дугаар тойрог буюу Чингэлтэй, Налайх дүүрэгт нэр дэвшигч Н.Тэгшбаяр хэллээ.

Тэрбээр, “Нэр дэвшигч өөрийгөө, мөрийн хөтөлбөрөө гүйцэд танилцуулж чадахгүй бол АН-ын гишүүд зөв сонголт хийж чадахгүй. Өөрөөр хэлбэл, гишүүдийн сонгох эрх зөрчиж байгаа юм” гэв.

ҮБХ-ны 13 дугаар тойрог болон Дорноговь аймгийн АН-ын даргад нэр дэвшигч Ц.Гантулга, “Би ҮБХ-ны гишүүнд өрсөлдөхдөө 3 сая төгрөгийн татвар, 3 сая төгрөгийн дэнчингийн мөнгө төлж байгаа. Мөн аймгийн АН-ын даргад нэр дэвшихийн тулд 15 сая төгрөгийн дэнчингийн мөнгө төлсөн. Гэтэл нэр дэвшихдээ амлалт өгсөн гэсэн шалтгаанаар миний нэрийг эгүүлэн татсан тухай мэдэгдлийг өчигдөр ирүүлсэн. Би ямар ч гишүүн эсхүл хувь хүнд амлалт өгөөгүй. Манай аймгийн АН-д нэг ч машин байдаггүй. Тиймээс би намдаа автомашин авч өгнө гэдгээ хэлсэн. Энэ бол хувь хүнд чиглэсэн амлалт биш” гэлээ.

Тэд АН-ын нийт гишүүдээс сонгогдсон С.Эрдэнэ шударга байж, нэр дэвшигч болон сонгогчдийн эрхийг хамгаалж чадахгүй бол өөрийн хүсэлтээр огцрох хэрэгтэй хэмээсэн юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ