Таван толгой-Гашуун сухайтын авто замд 30 гаруй гарц, гармыг сэргээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 11:00:01

Өмнөговь аймаг БНХАУ-тай нүүрсний тээвэрлэлтийн худалдаа явуулж, Таван толгой уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх 257 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулаад 4 жилийн нүүрийг үзэж байна.

Энэ зам тус аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутгаар дайран өнгөрдөг бөгөөд замын ажлын зарим дутагдлаас болж сумын төврүүгээ орохын тулд малчид, иргэд тойруу замаар явах, мөн отор нүүдлийн хувьд замыг хөндлөн туулах боломжгүй учир мал, малчин хийгээд зэрлэг ан амьтдын хувьд олон сөрөг үр дагаврыг бий болгожээ. Үүсээд байгаа нөхцөл байдлыг таслан зогсоох зорилгоор тухайн бүс нутгийн малчид, ХАА-н мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нар, байгаль орчны байцаагчид оролцсон уулзалтыг Цогтцэций сумын төвд зохион байгууллаа. Тэд автозам хэдий улс орны эдийн засгийн хөгжилд том ашигтай ч нутгийн уугуул иргэд, малчин ард түмэн, мал ан амьтанд зарим талаараа сөрөг нөлөө үзүүлж байна. Энд малчид зорьсон газраа хүрэхийн тулд олон арван км газар тойрч явж байж хүрэх, төмөр зам, авто замын хажуугийн далан шуудуунд асар их ус, хог бий болох, мал амьтан осолдох зэрэг цөөнгүй бэрхшээлүүд гараад байгааг шийдэх талаар ярилцсан юм. Уулзалтын дүнд 33 гарц гармыг сэргээх, стандарт хэмжээтэй болгох, замын постуудад ногоон байгууламж байгуулах зэрэг асуудлыг эхний шатанд шийдвэрлүүлсэн юм. Цаашид Гашуунсухайт хүртэлх төмөр замыг хийхдээ гарц гармыг шаардлагын түвшинд хийх, ингэхдээ тухайн бүс нутгийн малчдаас санал авч, мал, зэрлэг ан амьтдад сөрөг нөлөөгүй байхаар хийх тухайд малчид санал нэгтэй байлаа.

Өмнөговь аймаг С.Сумьяа

 

Холбоотой мэдээ