Ж.Эрдэнэбат: Манай Засгийн газар бага ярьж, ихийг хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат Өвөрхангай аймагт ажиллах үеэр Засгийн газрын 2016-2020 онд баримтлах мөрийн хөтөлбөр, түүний хэрэгжилтийн явц болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийн эхэнд хэлэхдээ, “Анх ажлаа авч байхад маш их хэмжээний өр төлбөртэй, төсөв санхүүгийн сахилга бат алдагдсан байсан тул эдийн засгаа сэргээхийг нэн тэргүүний зорилт болгосон. Энэ хүрээнд Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдээс дэмжсэн бодлого хэрэгжүүлсэн, нөгөөтэйгүүр саяхан тэмдэглэж өнгөрүүлсэн сар шинийн баяраар манай ахмадууд дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ ихээр худалдан авч эх оронч санаачлага гаргасанд ахмадууддаа Засгийн газрын зүгээс талархал дэвшүүлье” гэлээ.
Ерөнхий сайд цааш хэлэхдээ, “Өвөрхангай аймагт тулгамдаж буй асуудлыг өвөрхангайчууд л мэднэ. Тиймээс өнөөдөр би та бүхэнтэй уулзаж байна.
Та бүгдийн хэлсэн ярьсан санал дээр үндэслэж үйлдвэржилтийн бодлогоо тодорхойлно. Үйлдвэржилтийн бодлого хэрэгжүүлэх хүртэл хугацаа орох болоод байна. Иймд хамгийн ойрын хугацаанд мөнгө босгох салбар бол уул уурхай.
Үүний тулд өндөр технологитой хөрөнгө оруулагч хэрэгтэй. Гэтэл бид хөрөнгө оруулагчдыг үргээчихсэн.
Намайг ажлаа авсаны дараахан Засгийн газар Арбитрын шүүхийн шийдвэрийн хүрээнд 180 орчим тэрбум төгрөгийг төлбөрт өгсөн. Энэ бол одоогийн ханшаар 180 цэцэрлэг, 100 сургууль барих хөрөнгө. Иймд төр хариуцлагатай байхын тулд төрийн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байх ёстой. Тиймээс хэсэг хугацаанд төр өөрөө бүсээ чангална. Монголын төр хариуцлагатай болох хэрэгтэй.
Тиймээс бид Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар болоод байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамарснаар Монголын төр сахилгатай, хариуцлагатай болсон гэсэн баталгаа болж өгнө. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ.
Засгийн газар цаашдаа ард иргэдийнхээ амьдралыг өөд нь татах, улс орноо хөгжүүлэхийн төлөө бүх чиглэлд анхаарч ажиллана. Манай Засгийн газар бага ярьж, их хийнэ гэсэн зарчим барьж байгаа. Бид хийж хэрэгжүүлснийхээ дараа үр дүнгээ бодитоор нь мэдээлж байх болно. Тиймээс ихийг хийхийн тулд Монгол Улсын Засгийн газар та бүхэнтэй хамт байх болно” хэмээв.
Уулзалтад Ерөнхий сайдаас гадна УИХ-ын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар оролцлоо. Энэ үеэр иргэд өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авснаар уулзалт өндөрлөлөө.
Б.Туул
Өвөрхангай аймаг