АН-аас мэдэгдэл гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-03-23 15:30:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ сарын 20-нд төрийн удирдах албан тушаалтнуудтай уулзах үедээ хэлсэн үгийг эсэргүүцэж өнөөдөр АН-аас мэдэгдэл гаргасан талаар өнөөдөр тус намын Нарын бичгийн дарга О.Магнай мэдээлэв.

Уг мэдэгдэлд, “Ерөнхий сайд хэт улс төржин Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнөх сурталчилгаа гэж дүгнэж болохуйц мэдэгдэл хийлээ.  2016 оны 7 дугаар  сард Засгийн газар байгуулснаас хойш есөн сарын хугацаанд их цэвэрлэгээ буюу Субботник хийлээ хэмээсэн байна.

2012-2016 онд Монгол Улсын голлох экспортын бүтээгдэхүүнүүдийн үнэ одоогийн зах зээлээс 3-5 дахин хямдарсан байсан үед АН эдийн засгийн өсөлтийг тогтвортой барьж, халамжийн зорилгоор “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой”, БНХАУ-ын Чалко зэрэг компаниудаас зээлсэн төлбөрүүдийн 80 орчим хувийг бүрэн төлж барагдуулсан юм.

АН 2012-2016 онд бусад улс төрийн хүчнүүдтэй хамтран засаглахдаа 1.5 тэрбум ам.долларын “Чингис” бондыг гаргасан бөгөөд уг бондын хөрөнгөөр 21 аймгийн төвийг нийслэлтэй холбосон автозам, 80 мянган айлын орон сууц, ТЭЦ IV, ТЭЦ III-ын хүчин чадлыг нэмэгдүүлсэн, үндэсний аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгосон зэрэг нүдэнд харагдаж, гарт баригдах бодит бүтээн байгуулалтыг хийсэн. Энэ бүгдийг үгүйсгэж хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд АН туйлын харамсаж байна.

Цаашид Ж.Эрдэнэбатыг сонгуулиар иргэдэд өгсөн амлалтаа биелүүлж, эдийн засгийн өсөлтийг хангах зоримог шийдвэр гаргаж ажиллана гэдэгт найдаж байна” гэжээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ