Гүрвэлээс болж теннисний тоглолт саатжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-03-23 13:41:33

МОСКВА./TASS/. Майами хотод болж буй Masters ангиллын нэр хүндтэй теннисний тэмцээний эхний тойргийн тоглолтын үеэр гэв гэнэт нэгэн том биетэй гүрвэл цахим самбар өөд авиран гарч, улмаар теннисний талбай дээгүүр гүйсний улмаас тоглолт тасалджээ. Энэ тухай Мэргэжлийн теннисчдийн холбооны /АТР/ хэвлэлийн алба мэдээллээ.

7 сая долларын шагналын сантай тус тэмцээний эхний тойргийн тоглолтонд Германы теннисчин Томми Хаас, Чехийн тамирчин Иржи Веселы хоёр учраа тааран тоглож байх үед гэв гэнэт нэгэн гүрвэл онооны самбар өөд авиран гарсан нь тоглолтыг түр зогсооход хүргэжээ. Ийм төрлийн хэвлээр явагч амьтан Флорида муж улсын өмнөд нутагт олон байдаг аж. 

Талбайн ажилтнууд нэлээд том биетэй гүрвэлийг онооны самбар дээрээс сүүлнээс нь татан буулгах гэсэн боловч тэр амьтан годхийн зугтаж теннисний корт дээгүүр гүйх үед нь ажилтнууд барьж аван холдуулснаар тэмцээн цааш хэвийн үргэлжилсэн байна. Түр завсарлагааны үеэр Хаас гүрвэлтэй селфидэж амжжээ. 
Уг тоглолтонд Т.Хаас Чехийн теннисчинд 7:6, 3:6, 5:7 –ийн харьцаатайгаар хожигдсон ба тоглолт 2 цаг 38 минут үргэлжилсэн байна. Тэмцээний хоёрдугаар тойрогт Веселы Испанийн теннисчин Альберт Рамостой тоглоно.

О.Барс

 

Холбоотой мэдээ