Асад Москвад айлчилж, Путинтэй хэлэлцээ хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-21 16:22:49

МОСКВА. /RIA Novosti/. Сирийн Ерөнхийлөгч Башар Асад мягмар гарагийн орой Москвад айлчилж, Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй хэлэлцээ хийсэн тухай тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ.

“Сирийн Ерөнхийлөгч Башар Асад өчигдөр орой Москвад ажлын айлчлал хийсэн. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр талын болон өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийлээ” гэж Песков хэлсэн байна.

Песковын хэлснээр, өргөн бүрэлдэхүүнтэй хийсэн хэлэлцээнд Оросын дээд удирдлагын гишүүд оролцжээ.

“Хэт давруу үзэлтнүүдийн террорист бүлэглэлүүдтэй хийж буй тэмцэл, Сирийн Зэвсэгт хүчний давшилтын ажиллагааг дэмжих зорилгоор явуулж буй Оросын ажиллагаа үргэлжилж байгаатай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Асад Сирийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Түүнчлэн хоёр талын харилцааны янз бүрийн асуудлыг хөндлөө” гэж Песков хэлсэн байна.

Гэхдээ тэрбээр Башар Асадын цаашдын хувь заяаг хэлэлцэх эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ