Шарын голын эмнэлэг 100 гаруй сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-19 21:17:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн ажил үйлчилгээтэй танилцав.

Тус эмнэлэг сард 60-70 өвчтөнг хэвтэн эмчлүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Аймаг, орон нутгийн засаг захиргаа эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс шинэ техник тоног төхөөрөмжөөр хангаж орны хүртээмжийг нэмэгдүүлэн эмийн, эмийн бус үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцүүлэхэд хичээн ажиллаж байгаа тухай Шарын голын сумын Засаг дарга Д.Амарсанаа танилцууллаа.

Тэрээр тус сумын удирдлагууд Австрали улсын баруун Австралийн Монголыг хариуцсан өргөмжит консултай холбогдож сумын эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийн тусламж хүссэний хариуд тус улсаас 100 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хэдхэн хоногийн өмнө  буцалтгүй тусламжаар ирүүлжээ. Үүнд эрүүл мэндийн төвд шаардлагатай зөөврийн рентген машин, бүрэн автомат тохируулгатай эмнэлгийн ор, эм тарианы түрдэг тэрэг, өвчтөн зөөдөг тэргэнцэр зэрэг 40 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмж багтжээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тус төвийн үйл ажиллагаатай танилцаад цаашид шаардлагатай нарийн шинжилгээний аппаратыг шинэчлэхэд анхаарч аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллана гэлээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ