Монгол бичгийн зөвлөлгөөнийг анх удаа зохион байгуулна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2017-03-14 18:07:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хүмүүн бичиг сониноос санаачлан зохион байгуулдаг Монгол бичгийн нэгдсэн чуулган, сургалт зөвлөлгөөнийг Сүхбаатар аймагт 04 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулахаар боллоо.

Тус зөвлөлгөөнийг Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёл урлагийн газар хамтран зохион байгуулах юм.

Энэхүү зөвлөлгөөн нь Сүхбаатар аймагт анх удаа зохион байгуулагдах гэж байгаа гэдэг утгаараа зохион байгуулагчид маш их анхаарал хандуулж, ач холбогдол өгч байна. Зөвлөлгөөнд Сүхбаатар аймгийн удирдлагууд, бүх сумдын засаг дарга, сургуулийн захирал, Монгол хэл, бичгийн багш нар болон Монгол бичиг сонирхдог энгийн иргэд, ЕБС-ийн сурагчдын төлөөлөл оролцоно. Энэ үеэр Монгол  бичгийн талаарх өнөөгийн бодлого чиг хандлага, Монгол хэлний тухай хуулийн агуулга,Монгол бичгийг цахимд хэрэглэх нь сэдэв илтгэлийг холбогдох албаны хүмүүс тавьж, мөн уран бичлэгийн талаар анхан шатны хичээл, дадлага ажлууд явагдах юм. Уран бичээч Д.Ганбаатар, Э.Анхбаяр нар зөвлөлгөөнд оролцогчдод зориулж сонирхолтой уран бичлэгүүдийг бичиж үзүүлэх болон дурсгах болно.  

Үүнээс гадна, аймгийн удирдлагуудын зүгээс МОНЦАМЭ агенлагаас гаргасан уриалгын хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Жишээлбэл: Үндэсний бичиг үсгээ дээдлэгч байгууллагыг жил бүр шагнан урамшуулж байх юм. Ингэхдээ бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах ажлыг хамт олон болоод бусад хүмүүст хүргэсэн байдал, зохион байгуулсан ажил зэргийг харгалзан үзэх юм байна. Энэ нь цаашид жил бүр уламжлал болгон хийгдэх бөгөөд үүний хүрээнд албан байгууллагуудын дундах Монгол бичгийн хэрэглээ, мэдлэг, хандлага дээшилнэ гэж үзэж байгаа юм.

Зөвлөлгөөнийг удирдан явуулах баг хамт олны тухайд 03 дугаар сарын 31-ний өдөр Баруун-Урт хотноо болох ивээн тэтгэгчдийн нэрэмжит Монгол бичгийн олимпиадын үйл ажиллагаатай танилцаж, шагнал гардуулах ёслолд оролцон, бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг үзэж сонирхох юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ