“Ээжийн чанасан цай”-гаараа “Баян баг”-ийн ээжүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-03-08 23:38:31

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлөөс 11 дэх жилдээ “Ээжийн чанасан цай” арга хэмжээг өнөөдөр буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр амжилттай зохион байгууллаа.

Баянгол сумын гурван баг, төр төсвийн байгууллагуудын дунд зохион байгуулдаг уламжлалт энэхүү уралдаант цэнгүүнд багууд идэвхтэй оролцож, ээждүүд амттай сайхан цайгаа чанан ирж өрсөлдсөн байна. Ясны хөлс гаргасан амттай сайхан “Ээжийн чанасан цай”-гаараа Баянгол сумын “Баян баг”-ийн ээжүүд шалгарч, дэд байранд “Гонир баг”, “Хараа баг” гутгаар байрт тус тус шалгарчээ.

Мөн тус арга хэмжээний үеэр төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Аймгийн Засаг даргын жуух, ТББ-уудын шагнал гардуулах үйл ажиллагаа явагдсан байна. Энэхүү ёслолоор төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор О.Эрдэнэчимэг, Аймгийн Засаг даргын жуух бичгээр Р.Галя, Баянгол сумын эмэгтэйчүүдийн холбооны шагнал “Хөдөлмөрч эмэгтэй” шагналаар сумын иргэн  С.Тунгалаг, Б.Жигүүсэн нар шагнагдсан байна. Мөн тус суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Банди хүү” ТББ-аас алдарт эхийн одонт Г.Янжмаа, Л.Даваахүү, Ч. Батнасан нарыг “Буянтай ээж” өргөмжлөлөөр өргөмжилж, гарын бэлгээ гардуулсан байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ