Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н. Лүндэндорж Сүхбаатар аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-03-08 13:17:29

Сүхбаатар МОНЦАМЭ. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н. Лүндэндоржоор ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллалаа. Хэдийгээр аймаг орон нутгийн ард иргэдтэй уулзаж, шүүхийн шинэтгэлийн талаар санаа бодлыг нь сонсох зорилготой байсан ч олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг түр хориглиод байгаа учир хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэл хийсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н. Лүндэндорж хэлэхдээ “ Миний хувьд Сүхбаатар аймагт гурав дахь удаагаа ирж, шүүхийн үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ удаагийн томилолтын гол зорилго бол орон нутгийн ард иргэдтэй уулзаж, Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн бодлого яагаад гарч ирэх  болсон, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өгөх, иргэдийн санаа бодлыг сонсохоор зорьж ирсэн. Харамсалтай нь тус аймагт малын гоц халдварт өвчин гарч хорио цээрийн дэглэмтэй байгаа учир энэ удаад чадсангүй. Тиймээс дараа дахин ирж Сүхбаатарчуудтай шүүхийн шинэтгэлийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцах боломж ирнэ гэж найдаж байна. Шүүхийн шинэтгэл, шударга шүүх гэдэг бол шүүх тойрсон хэдхэн хүний ажил биш. Энэ бол хүн бүрийн ажил амьдрал, айл өрхийн орлого зарлагтай холбоотой зүйл. Гэтэл энэ талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Шударга шүүх, хараат бус шүүхийн төлөө иргэн бүр санаа тавих, хүн бүр анхаарах, хяналт тавих ёстой юм. Ингэж байж бид сая шударга шүүхийг тогтоож чадна. Бид 21 аймгаас 18 аймгийнх нь иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонслоо. Ингэж явахад тус аймгуудын ард иргэд шүүхийн шинэтгэлийн ажилд сэтгэл ханамж өндөр байгаа нь ажиглагдсан. Шүүхийн шинэтгэл гэдэг бол хоёр, гуравхан жилд тодорхой баттай үр дүнд хүрдэг амар хялбар ажил биш. Шүүхийн шинэтгэл гэдэг бол эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүстэй тэмцдэг их хэцүү сорилт дунд явагддаг ажил учир шүүмжлэл, эсэргүүцэлтэй байнга тулгарч байдаг. Бид гурван жилийн хугацаанд арван үр дүнд хүрсэн хэдий ч цаашид хийснээсээ илүү их хийх ажил байгаа. Ялангуяа шүүгчдээ чадваржуулах, улс төрийн нөлөөнөөс хамгаалах, хуулийг зөв тайлбарлан хүргэдэг чадварт сургах гэх мэт олон асуудал байгааг зориуд тэмдэглэн хэлье. Монголын шүүх өмнө нь хаалттай байсан бол одоо нээлттэй болсон гэдэг бол хэн ч маргахгүй үнэн. Мөн Монгол Улсын шүүх дагнан мэргэшиж чадсан нь бас нэг үр дүн юм. Үүнээс гадна шүүгчид нөлөөлдөг, шүүгчийг доромжилдог, дарамт шахалт үзүүлдэг байдлаас шүүгчдээ хамгаалж чадлаа. Шүүгчид зориудаар нөлөөлсөн хүмүүст буцаагаад хариуцлага тооцдог боллоо. Мөн шүүхийн хүний нөөцөд том шинэтгэл хийж чадсан.  Тодруулбал: Монгол Улсын түүхэнд байгаагүйгээр шүүгчдийн орон тоог 60 хувиар нэмэгдүүлж чадлаа. Өнгөрсөн гурван жилд шүүгчдийн тоог 150 шинэ шүүгчээр бүрдүүлсэн явдал бол шүүхийн ачааллыг бууруулж чадсан том алхам болсон. Дахин хэлэхэд шүүхийн шинэтгэл гэдэг бол байнга тасралтгүй хийгдэж байх ёстой, багагүй цаг хугацаа шаардсан, эсэргүүцэл тэмцэл ихтэй байдаг амаргүй ажил гэдгийг иргэд ойлгох ёстой гэж бодож байна...” гэсэн юм.

Тэрээр Сүхбаатар аймгийн шүүхийн шүүгч ажилтнуудад 2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, шүүхийн шинэтгэл болоод шүүхийн үйлчилгээний үйл явцтай танилцлаа. Мөн шүүгчид, хуульчид, хууль сахиулагчдад Хууль тайлбарлах онол арга зүй сэвдээр лекц уншлаа.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ