Дорнодод циркийн сургууль нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-06 23:04:38

Дорнод/МОНЦАМЭ/. Монголын циркийн урлагийн 76 жилийн ойг тохиолдуулан Дорнод аймагт “Дорнод Монголын цирк”-ийн сургууль үүдээ нээв. Циркийн урлагт 20 гаруй жил акробат, алиалагчаар ажиллаж яваа Б.Рэнцэндорж "Дорнод Монголын цирк"-ийн сургууль байгуулах санаачлага гарган ажил хэрэг болгожээ.

Тэрээр циркийн бүх төрлөөр сургалт явуулж, хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлж, цаашлаад дэлхийд данстай циркийн жүжигчин бэлдэхээр зорьж байгаагаа ярьсан юм. Циркийн урлаг нь акробат, алиалагч, агаарын гимнастик, тэнцвэр, уран нугаралт, жонглёр гэсэн 6 төрөлд хуваагддаг. Тус сургууль дээрх 6 төрлөөр сургалтаа явуулж, 5-21 насныхныг элсүүлнэ. 

Манай улсад Дорнод аймгаас гадна Дархан, Эрдэнэт хотод бие даасан циркийн сургууль ажилладаг бөгөөд орон нутаг дахь циркийн мэргэжлийн сургууль 3 дахь аймагтаа байгуулагдаж байгаа нь энэ ажээ. 
Сургагч багш нарын хувьд гаднын орнуудад тоглолтоо сонирхуулдаг, бүгд Дорнод нутгийнхан гэдгээрээ онцлог. Тус сургууль одоогоор анхны элсэлтээ авч, сургалтаа эхлэх бэлтгэлээ бүрэн базаажээ. Сонирхуулахад одоогоос гурван жилийн өмнө Дорнод аймгаас 6 хүүхдийг сонгон шалгаруулж, Энэтхэг улс болон Улаанбаатар хотод циркийн жүжигчнээр сургаж бэлтгэснээр тэдний 2 нь сургуульдаа багшаар үлдэж, 4 нь Ази, Европын орнуудаар аялан тоглолт хийхээр бэлдэж байгаа гэв. 

Б.Туяа

Холбоотой мэдээ