Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн баг дэлхийн түүхэнд анх удаа нислэг үйлдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2017-03-06 15:23:41

ШИНЭ ДЕЛИ./BBC/. Энэтхэгийн иргэний агаарын тээврийн “Air India” компанийн дан эмэгтэйчүүдээс бүрдсэн нисэх баг түүхэнд анх удаа  нислэг үйлдлээ.

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Шинэ Дели-Сан-Франциско чиглэлд хөөрсөн “Air India” компанийн“Boeing 777” нисэх онгоц баасан гарагт Энэтхэгийн нийслэлд буцаж иржээ. Уг онгоц АНУ-д хүрэхдээ Номхон далайн дээгүүр явж өнгөрсөн бол буцаж ирэхдээ Атлантын далай дээгүүр ниссэнээр дэлхийг тойрсон байна. Энэ нислэгийг Гиннесийн номонд бүртгүүлэхээр хүсэлт гаргаад байгаа аж.

Нисэх багийн гишүүд, онгоцны инженерүүд, мөн диспетчерүүд гээд бүгд эмэгтэй хүмүүс байсан гэж тус компани онцлон тэмдэглэв.

Түүнээс гадна, 3 дугаар сарын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн баг хэд хэдэн нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа тухай “Air India” компани мэдэгдлээ. “Эрэгтэй зорчигчид намайг оролдсон” гэж өнгөрсөн нэгдүгээр сард хэд хэдэн эмэгтэй зорчигч гомдол гаргасны дараа тус компани зөвхөн эмэгтэйчүүд суухад зориулсан “эмэгтэй зорчигчдын суудлын хэсэг”-ийг бий болгосон байна.

Б.Мишээл

 

 

Холбоотой мэдээ