Уран бичээч Ц.Тамир бие даасан үзэсгэлэнгээ нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГДизайнер, зураач, уран бичээч Ц.Тамир “Туульс” бие даасан үзэсгэлэнгээ нээхээр болжээ.
Эл үзэсгэлэнд тэрээр каллиграф болон баримлын шинэхэн бүтээлүүдээ дэлгэх юм. “Уран бүтээлч хүн бол эрэл хайгуул хийж, байнга шинэчлэгдэж байх ёстой” гэж үздэг тэрбээр каллиграфыг ч гэсэн улиг болсон жаазтай биш өөр шинэлэг байдлаар л хийхийг зорьдог нэгэн.
Уран бүтээлчийг каллиграфт дурлуулсан хүн бол түүний аав аж. Тэрээр дөрөвдүгээр ангид сурч байхдаа Монгол бичгийн багш ааваараа босоо бичиг заалгаж байжээ. 1997 онд “Ил товчоо” сониноос зарладаг уламжлалт уралдаанд анх удаа тусгай байр эзэлснээс хойш урамшин, өнөөг хүртэл каллиграфаар тасралтгүй хичээллэж дотоод, гадаадын уралдаан тэмцээн үзэсгэлэнд бүтээлээрээ оролцсоор байгаа юм.
Үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл УЭХ-ны үзэсгэлэнгийн танхимд олны хүртээл болох нь.
Ж.Болор