Б.Лхагвасүрэн:Мөнх тэнгэрийн зарлигт хүн бүхэнд баярлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-24 14:33:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр нэр бүхий иргэдэд төрийн дээд одон, медаль хүртээсэн тухай өмнө нь мэдээлсэн. Шагнал хүртсэн зарим эрхмүүдийн сэтгэгдлийг энэ үеэр сонслоо.

Хөдөлмөрийн баатар, яруу найрагч Б.Лхагвасүрэн: -Гэр, төр, дэлхийг бүрэлдүүлдэг хүн төрөлхтнөөс толгой өндөр заяасан мөнх тэнгэрийн зарлигт хүн бүхэнд баярлалаа. Эх орны минь онгон дагшин уулс, агуу их Алтай, Бурхан Халдун, Отгонтэнгэр миний унасан газар, угаасан ус, урд хойд Өнжүүл Зорголын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа.

Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал  Л.Чинбат: -Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж яваа олон мянган бизнес эрхлэгчид бий. Түүний нэг төлөөлөл нь би. Өнөөдөр Монголын төр хийсэн бүтээснийг минь үнэлж, "Хөдөлмөрийн баатар" цолоор шагнасанд туйлын их баярлаж байна. Энэ хүртэл надтай хамт байсан "Гацуурт" компанийнхаа хамт олон, гэр бүл, ах дүү, найз нөхөд, бизнесийн түншүүд болон төр, ард түмэндээ баярлалаа. Цаашид Монголчуудыгаа эрүүл хүнсээр хангахын төлөө чармайн зүтгэх болно.

Ардын жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор Д.Ухнаа: -Монголын урлагийн төлөө 50 гаруй жил зүтгэхдээ олон уран бүтээл хийлээ. Өчүүхэн миний хөдөлмөрийг үнэлсэн Монголын төр засаг, ард түмэндээ талархаж байна. Би цаашдаа Монголын урлагийн төлөө эцсээ хүртэл зүтгэнэ. Сар шинэдээ зон олон минь сайхан шинэлээрэй.

Гавьяат жүжигчин, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Г.Золбоот: -Гал тахиа жилд Монголын Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэнд сэтгэгдэл туйлын өндөр байна. Баярлалаа гэж хэлэх хүн маш олон байна. Аав, ээж, багш нар, олон сайхан уран бүтээлч найз нөхөд, Дундговь аймгийн зон олон, өөрийн төрсөн нутаг Эрдэнэдалай сумынхандаа талархсанаа илэрхийлье. Монгол түмэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. 

MNC телевизийн Ерөнхий захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхтөр: -Би телевизийн салбарт 28 жил ажиллаж байна. 1980-иад оны сүүлээр Монголд цорын ганц байсан телевизийн салбарын мэдээллийн албанд ажиллаж байлаа. 1990-ээд оноос сэтгүүлчийн өөрөө шууд ярих эрх нээгдсэн. Үүний анхны амтыг мэдэрсэн хүн болсондоо би баяртай байдаг. Анхны шууд нэвтрүүлэг хийхэд хэнээр ч хянуулахгүй өөрийн асуултаа тавина гэдэг сайхан мэдрэмж байсан. Шууд нэвтрүүлэг гэдэг ямар нэг дарамтгүй явагддаг. Хүмүүст нийгэмд хэрэгтэй мэдээллийг өгдөг. Тиймээс би өөрийгөө азтай, хувь заяатай хүн гэж боддог. Ямар ч нийгэмд сайн зүйлийг ярьж байхыг эрхэмлэдэг. Та бүхнээс сайн сайхан зүйл их ярьж байгаарай гэж хүсье. Алтан унжлагат тахиа жилдаа сайхан шинэлээрэй.

СГЗ, “Өнөөдрийн тойм” сонины эрхлэгч Л.Цэрэн-Очир: Би сэтгүүл зүйн салбарт 23 жил зүтгэж байна. Энэ хөдөлмөрийг минь Монголын төр үнэлж Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасанд туйлын их баяртай байна. Уг шагнал бүхэлдээ Монголын сэтгүүл зүйн салбарыг үнэлсэн үнэлгээ гэж ойлгож байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Парламентын сэтгүүлчдийн холбоондоо баярлалаа.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал


 

 

Холбоотой мэдээ