Монголын Төрт ёсны уламжлал 200 жилээр урагшлав

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2017-02-22 14:04:48

 МУИС-ийн түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, Төслийн удирдагч, ерөнхий редактор П. Дэлгэржаргал "Монголын эртний түүх" 5 боть номын нээлтийн үеэр "Монгол нутагт нийтийн тооллын өмнөх (НТӨ) 5-4 дугаар зууны үед Хүннү, Дунху, Юэжи зэрэг төрт улсууд анх байгуулагдаж байсныг  баримт, эх сурвалжаар нотлон 5 ботит нэгтгэлээ.Энэ баримт нотолгоо эх сурвалж нь Монголын төрт улсын түүхийг 100-200 жилээр урагшлуулсан" хэмээн онцлов.

Түүхийн таван боть номын нээлт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон юм. Тус нээлтийн ёслолд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэв.

"Монголын ард түмэн сар шинийн баярын босгон дээр "Монголын эртний түүх"-ийн 5 боть цогц бүтээлийг өлгийдөн авч байна. Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн тэгш ойн босгон дээр буюу хоёр сарын өмнө Та бид “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”, “Монголын түүхийн цахим тайлбар толь” хэмээх бүтээлийг нээж байсан. Тухайн үед би та бүхэнд амлаж байсны дагуу өнөөдөр “Монголын эртний түүх” 5 боть бүтээлийг танилцуулж байгаад туйлын баяртай байна. Энэхүү бүтээлд нийтийн тооллоос өмнөх  Y-IY зуунаас эхлээд нийтийн тооллын ХII зууныг хүртэлх Монгол  газар нутагт оршиж байсан эртний гүрэн, улсуудын түүх, бусад зүйлүүдийг нэгтгэж бичсэнээрээ маш чухал ач холбогдолтой. Монголын түүх шинжлэх ухааны судалгаагаар урагшлан баяжих тусам би баярладаг. Манай эрдэмтэд, манай ард иргэд ч баярладаг.Дээр нь манай түүхчдийн залуу халаа болсон эрдэмтэд бүтэн багаараа гарч ирж байгаа нь үнэхээр баярлууштай зүйл юм гэдгийг хэлье" гэлээ.

Түүхийн ухааны доктор Ж. Болдбаатар “Миний багш Ш. Бираа номын нээлтэд ирсэн байна.Энд түүхэн үйл явдал болж байна. Монголын эртний түүхийг хураангуйлсан таван ботийг идэр залуу эрдэмтэд бүтээлээ. Залуу эрдэмтэд бүгд бидний шавь нар. Ахмад үеийн түүхчдийг хэн залгамжлах бол гэсэн болгоомжлол бидний үеийнхэнд байсан. Тэгвэл бидний залгамжлагчид  багаараа гарч ирлээ” гэв.

 Монголын эртний улсуудийн түүхийн  тэргүүн “Хүннү” ботийг доктор П. Дэлгэржаргал,  З.Батсайхан, Дэд “Сяньби” ботийг доктор П. Дэлгэржаргал, гутгаар  “Жужан” ботийг доктор

С. Өлзийбаяр,  А. Энхбат, дөтгөөр “Түрэг, Уйгар” ботийг доктор Б. Батсүрэн докторант Мөнхтулга, тавдугаар “Төв Азийн нүүдэлчдийн төр улсууд” ботийг доктор Б. Батсүрэн,

Б. Чинзориг, Э. Жигмэддорж нар  тус бүр бичжээ.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд Монгол улсын Ерөнхийлөгчийн  тамгын газар, БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөл, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн,Түүхийн тэнхим хамтран ажиллажээ. Номын  нээлтийн ёслолд БСШУС-ын сайд Ж.Батсуурь ШУА ерөнхийлөгч Б.Рэгдэл болон түүхч, судлаачид, их, дээд сургуулийн багш нарын төлөөлөл оролцлоо.

Г.Эрдэнэбат

Холбоотой мэдээ