“ФАРК” бүлэглэлийн  7 мянган босогч зэвсгээ хураалгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-02-21 15:20:31

НҮБ. /ТАСС/. “ФАРК” буюу “Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчин” бүлэглэлийн долоон мянга орчим босогч НҮБ-ын хяналтан дор зэвсгээ хураалгахаар Колумбын нутаг дэвсгэрт байгуулсан тусгай бүсүүдэд иржээ.

Энэ тухай даваа гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгчийн орлогч Фархан Хак мэдээлсэн байна. 

Түүний хэлснээр, босогчид болон тэдний ар гэрийнхэн тус бүсүүдэд 19 хоногийн хугацаанд цугларсан аж.  НҮБ-ын төлөөлөгчийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, “ФАРК” бүлэглэлийн 300 орчим босогчоос бүрдсэн сүүлчийн бүлэг хоёрдугаар сарын 18-ны өдөр тус улсын төвийн нутагт орших Какета муж дахь тусгай бүсэд ирсэн байна. Колумб дахь төлөөлөгчийн газрын дарга Хавьер Перес Акино уг үйл явдлыг “түүхэн үйл явдал” хэмээн онцолсон бөгөөд “босогчид сайн дураараа бууж өгөх нь зэвсэгт мөргөлдөөн гарах магадлалыг эрс бууруулдаг” гэлээ.

Колумбын Засгийн газар болон “ФАРК” бүлэглэл өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-ний өдөр энхийн гэрээ байгуулснаар 50 гаруй жил үргэлжилсэн иргэний дайныг зогсоосон юм. Энхийн гэрээг 11 дүгээр сарын 30-ны өдөр Конгрессоор батлуулж, 12 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлжээ.

Гэрээнд тусгасны дагуу “ФАРК” бүлэглэлийн босогчид олон улсын байгууллагын төлөөлөгчийн хяналтын дор үе шаттайгаар зэвсгээ хураалгаж байгаа нь энэ юм. Зэвсгээ бүрэн хураалгаснаар тус бүлэглэл улс төрийн хөдөлгөөн болох ажээ.

Б.Мишээл

 

Холбоотой мэдээ