Хөлбөмбөгийн тоглолтын үеэр үймээн дэгдээгчдэд оноосон цаазын ялыг хэвээр үлдээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-02-21 15:04:50

КАИР. /Anadolu/. 2012 онд болсон хөлбөмбөгийн лигийн тэмцээний үеэр 70 гаруй хөгжөөн дэмжигчийн аминд хүрсэн үймээнийг дэгдээсэн 10 хүнд оноосон цаазын ялыг Египетийн Дээд шүүх хэвээр үлдээжээ.

Газар Дундын тэнгисийн эрэгт орших Порт-Саид хотод 2012 онд болсон лигийн тэмцээнд Каир хотын “Аль-Ахли” баг талбайн эзэн “Аль-Масри” багийг 3:1-ээр хожсоны дараа үймээн дэгдсэн юм.

“Аль-Масри”-гийн хөгжөөн дэмжигчид эсрэг багийн хөгжөөн дэмжигчид рүү хутга, шийдэм барин дайрч, чулуу нүүлгэж байжээ. Сандарч тэвдсэн хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэнгээс гарах гэж шахцалдах үеэр 74 хүн дарагдан амиа алдаж байсан аж.

Мөн үймээн дэгдээсэн 39 хүнд анхан шатны шүүхээс оноосон 5-15 жилийн хорих ялыг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Даваа гарагт шүүхээс гаргасан эдгээр шийдвэрүүд нь эцсийнх бөгөөд яллагдсан хүмүүс дахин давж заалдах эрхгүй юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ