Малын өвчний голомт дахь сумд хүнсний нөөцгүй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-15 16:17:10

Сүхбаатар аймгийн хэд хэдэн суманд мал амьтны гоц халдварт шүлхий, цэцэг өвчин гарч, өвчний дэгдэлтийг багасгах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Одоогоор хорио цээрийн дэглэм хэзээ тавигдах нь тодорхойгүй байгаа юм. Үүний улмаас өвчин гарсан сумд хүнсний нөөцгүй болжээ.

Тиймээс аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар /ХХААГ/ хамтран Өсөх дэлгэр ундрах ХХК-тай тусгай гэрээ байгуулж тус сумдад хүнсний нөөц бүрдүүлэх, түүнийг хуваарилах, зарцуулах ажлыг зохион байгуулж байна.

Малын өвчний голомттой байгаа Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Түмэнцогт, Мөнххаан, Түвшинширээ сумдаас судалгаа авсаны дүнд Эрдэнэцагаан, Асгат сумд эхний ээлжинд хүнсний нөөцөө татаж эхэлжээ. Зөвхөн Эрдэнэцагаан сум гэхэд нэг өдрийн дотор долоон машин 60 гаруй тонн хүнс болоод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний татан авалт хийжээ.

Гамшгийн үед стратегийн хүнс буюу мах, сүү, гурил, цагаан будаа, элсэн чихэр гэх мэт гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүд нийлүүлэгдэх ёстой. Үүний дагуу эдгээр хүнсийг захиалгат сумдад нийлүүлж байна. Мөн тухайн смдын ард иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу сар шинийн баяр болж буйтай холбоотойгоор ахуйн барааг мөн нийлүүлж байгаа юм байна.

“Нөөцийн хүнсийг гэрээний дагуу бөөний үнээр сумдад нийлүүлж байгаа. Хүнсийг хүлээн авч байгаа тухайн сумын аж ахуйн нэгжүүд ч бөөний үнээр худалдаалах ёстой. Анх нийлүүлэгдэж байгаа бөөний үнэн дээр дахин үнэ нэмж, дамлан худалдаалах байдлыг онцгой байдал зарласан гамшгийн үед гаргаж болохгүй. Хэрвээ ийм тохиолдол ажиглагдвал холбогдох газарт мэдэгдэх нь иргэдэд нээлттэй. Барааг нийлүүлж байгаа "Өсөх дэлгэр ундрах" ХХК өөрийн унаагаар барааг хүргэж өгч бйагаа учир, түүнийг худалдааж буй дэлгүүрүүдэд ямар ч хохирол байхгүй...” хэмээн аймгийн ХХААГ-ын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга Б. Алтаннавч хэллээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ