Одоогоор нэг суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2017-02-13 16:03:46

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт хонины цэцэг өвчний голомт үүссэний улмаас  өнгөрсөн сарын эхнээс тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмийг цуцлан энгийн байдалд шилжүүллээ.

Тус сумын 1- р багийн нутаг Муруй хоолой, Шандны урдах хэмээх газар Говь- Угтаал сумаас оторлон өвөлжиж байгаа хоёр малчин өрхийн хонинд цэцэг өвчний шинж тэмдэг илэрч, улмаар Улсын МЭАЦ- ийн төв лаборториор шинжилгээ нь баталгаажсан тул сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэмийг 21 хоногийн хугацаатай тогтоогоод байсан. Энэ хугацаанд өвчилсөн 37 хонийг устгаж, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажилласан бөгөөд хорио цээрийн дэглэмийн хугацаанд  өвчин дахин илрээгүй тул өнгөрөгч сарын 25- наас эхлэн хязгаарлалтын дэглэмд шилжээд байсан юм.

Дундговь аймгийн ихэнх сумын нутагт хонины цэцэг өвчний улмаас энэ өвлийн саруудад хорио цээрийн дэглэм үргэлжилсэн. Цагаандэлгэр сумын хувьд хонины цэцэг өвчин өнгөрөгч зун анхлан илэрсэн бол энэ өвөл ийнхүү хорио цээрийн дэглэм дахин тогтоосон нь энэ юм.

Өнгөрөгч сард цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтыг 5 сумаас бусад сумын хонин сүргийг хамруулан хийсэн. Одоогоор нийт 1 сая 50 шахам мянган толгой хонин сүрэгт вакцин тариад байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сард вакцинжуулалтыг үргэлжлүүлнэ гэдгийг ХХАА- н газрын Мал эмнэлэгийн хэлтсийн дарга Ц. Гэрэл хэлж байна.

Одоогоор Баянжаргалан сумын нутагт хорио цээрийн дэглэмтэй, бусад суманд хэвийн нөхцөл байдалд шилжжээ.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ