М.Батдорж: Баг, сумын Засаг даргын томилгоо сунжирч байгаа нь хууль амьдралд нийцэхгүй байгаагийнх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-13 11:40:29

Архангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга М.Батдорж зарим хуулинд өөрчлөлт шаардлагатай байгаа талаар ярилаа.

-Шат шатны хурлын байгууллагуудад тулгамддаг асуудал юу байна. Ялангуяа хуулийн хэрэгжилт хөрсөн дээрээ хэрхэн бууж байна гэдэгт та ахмад төлөөлөгчийн хувьд, мөн сум орон нутагт засаг захиргааны албан тушаалууд хашиж явсан хүний тухайд байр сууриа илэрхийлээч. Ялангуяа Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, цаашлаад Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах цаг үеийн шаардлага байна гэдэг асуудал дээр дооргүй яригдаж байна шүү дээ?

-Энэ бол зайлшгүй хөндөх асуудал болсон. Үндсэн хуулиас салбарлаж гарсан, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагатай /НӨУЁБ/ холбоотой гол хууль бол Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /ЗЗНДНТУТ/ хууль. Энэ хуулинд хурал, төлөөлөгчийн бүрэн эрх, үүргийг заасан. Хууль маань үүргээ биелүүлсээр ирсэн. Өнөөдөр НӨУЁБ байгуулагдаад 25 жил болж байна. Энэ хооронд долоон удаагийн сонгууль боллоо. Харин өнөөдөр хуулийг сайжруулах, цаг үеийн зайлшгүй шаардлагаар өөрчлөх асуудлууд байна.

Энэ хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг аймаг, сумын төлөөлөгчид их ярьж байна. Тухайлбал: Хурлын байгууллага хэдийгээр өөрийгөө байгуулдаг боловч анхан шатандаа багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, түүний тэргүүлэгчдийг сонгох асуудлыг нарийвчлан хуульчлах шаардлагатай байна. Багийн хуралд ард түмэн оролцож, шууд утгаараа хурлаа байгуулдаг. Энд хурлын дарга нарын сонгууль явагдах үйл явц, тэдний мэдлэг боловсрол, арга туршлагын хувьд хуулинд тодорхой заалт хэрэгтэй байгаа юм. Хөдөө багт 4 өрх тутмаас, аймгийн төвд 20-30 өрх тутмаас нэг хөдөлмөрийн насны хүн Иргэдийн нийтийн хуралд оролцоно гэж заасан боловч ирц хүрдэггүй, үүнээс болж маргаан гардаг. Түүнчлэн ИНХ-ын даргын урамшууллын хэмжээ бага байна. Ядаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах хэрэгтэй. Одоо бол багийн Засаг даргын цалингийн 30 хувиар л урамшуулал авч байна.

-НӨУЁБ-ын чадавхыг сайжруулъя гэвэл анхан шатны багийг бэхжүүлэх шаардлагатай байх. Ер нь багийн дарга нарыг сонгоход тэдэнд тавьдаг шалгуур ч байх хэрэгтэй болов уу?

-Зайлшгүй баймаар байгаа юм. ИНХ-ын дарга нарт ажилласан жил, боловсрол мэдлэгийн тодорхой шалгуурыг багийн Засаг даргын адил тавимаар байна.

Баг, сумын Засаг дарга нарын сонгуулийг ч болимоор байна. Сумын Засаг дарга ард түмнээс сонгогддог, эсвэл аймгийн Засаг дарга шууд томилдог болъё. Тэгээд сумын Засаг дарга нь багийн дарга нараа томилдог байх хэрэгтэй. Хуулийн энэ байдлаас одоо улсын хэмжээнд сумын Засаг дарга нар сонгогдож эцэслэгдээгүй, тэр бүү хэл багийн Засаг дарга нар ч томилогдож дуусаагүй байна. Аль 2016 оны сонгууль дуусаад 2017 он гарчихаад байна шүү дээ. Хуулиараа сумын Засаг дарга нь томилогдоогүй учраас багийн Засаг даргыг томилж болохгүй, багийн ИНХ-аа хийж болохгүй байна. Сумын Засаг дарга томилогдсоны дараа багийн хурлаа хийхээр хуульчлагдсан учраас энэ.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулахын тулд Үндсэн хуулинд ч өөрчлөлт оруулах шаардлагатай болох байх. Зөвхөн сум, багийн удирдлага сонгох тухайд бус, хурлын байгууллагуудын үйл ажиллагаа явуулахад хуулийн ямар саад байна вэ?

-Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргыг тухайн шатны хурлаар нь нэр дэвшүүлнэ гэдэг заалттай. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Мөн хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудал дээр бүрэн эрх нь хэдийд дуусгавар болох хэдийд зөвшөөрөгдөх талаар нарийвчилсан заалт байхгүй болохоор маргаан их гардаг. Энэ мэтчилэн хуулиа эргэж харах шаардлага байна гэдэг санал шүүмжлэл шат шатны хурлын төлөөлөгч, засаг захиргааны төлөөллүүдээс гарсаар байна. Ер нь хууль амьдрал дээр ажил хэрэг болохдоо зөрчилтэй байгаад анхаарал хандуулах цаг болжээ гэж үзэж байна.

 

О.Амарзаяа

Холбоотой мэдээ