Эрүүл мэндийн сургалтад 1000 шахам хүүхэд хамрагджээ

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 17:42:03

Эрүүл мэндэд суурилсан амьдрах ухааны сургалтуудыг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас шат дараатай зохион явуулж байна. Саяхан Өсвөр үе, залуучуудад  эрүүл мэндийн боловсрол, бэлгийн замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг хийжээ.

Амьдрах ухааны ур чадваруудыг олгох улмаар мэдлэгээ хэрэглээ болгоход нь туслах зорилгоор Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран тус сургалтыг хийсэн байна.

Сургалт “Үерхэл нөхөрлөл ба шохоорхол, эрүүл харилцаа”, “Хүний амьдрал ба бэлгийн боловсрол, хүний нөхөн үржихүйн тогтолцоо, хүйсийн ялгаа”, “БЗДХ/ХДХВ/ДОХ-ын тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, “Аюулгүй бэлгийн харилцаа, өсвөр нас” гэсэн сэдвүүдээр сургалтын хэрэглэгдэхүүнийг нэгжийн менежер багш нартай хамтран боловруулж, зохион явуулжээ.

Сургалтад “Номундалай”, “Номгон” сургуулийн 10 дугаар ангийн тус тус 6 бүлэг, “Эрдэнэмандал” сургуулийн 10, 11, 12 дугаар ангийн нийт 6 бүлэг, “Эрдэм” ахлах сургуулийн 10 ангийн 4, 11 ангийн 6 бүлгийн нийт 1000 шахам сурагч хамрагдсан байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ