Энэтхэг Улсаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-09 17:19:16

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Экспорт-Импорт” банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 28-нд байгуулж, Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг мөн оны тавдугаар сарын 31-нд УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь зээлийн хүү жилийн 1.75 хувь, зээлийн хугацаа 20 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байх аж.

Засгийн газрын өнгөрсөн оны наймдугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрт төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтэц гэснийг аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүд болгож нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцоод байгаа юм.

Хэлэлцүүлгийн шатанд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулах 1 тэрбум ам долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.

Холбоотой мэдээ