Цагдаагийн байгууллагын бүтцийг Засгийн газар батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-02-09 11:06:58

УИХ-ын чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Цагдаагийн албаны тухай хуульд алба хаагчийн эрх зүйн байдал болон цагдаагийн байгууллагын зарим үйл ажиллагаатай холбоотой харилцааг тусдаа хуулиар зохицуулахаар тусгасан. Гэвч дээрх зохицуулалтуудыг агуулсан тусгайлсан хууль одоог хүртэл батлагдаагүйн улмаас цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, хөдөлмөрийн дотоод харилцаа зэрэг олон зохицуулалтууд нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг журмаар зохицуулагдаж байгаа юм. Мөн биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой харилцааг зөвхөн журмаар зохицуулж иржээ. Тиймээс хуулийг шинэчлэн боловсруулж, дээрх дутагдалтай заалтуудыг нэмж байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, “Хуулийн төсөлд “цолны цалин” гэсэн тодотгол орсон байна. Энэ ямар учиртай заалт вэ” хэмээн тодруулав. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Өмнөх парламентын үед баталсан цэргийн албаны хуулиудыг баталсан. Тэрэн дотор үндсэн цалин, цолны цалин гэсэн хоёр заалт орсон. Тэр цол гэсэн тодотгол нь цэрэг, цагдаагийн бус эрдмийн зэрэг байна гэж заасан байсан. Гэвч хэдэн төгрөгийн цалин, яаж олгох нь тодорхой бус байгаа. Тиймээс цаашдаа энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн хариулт өгөв.

Мөн хуулийн төсөлд Цагдаагийн байгууллагын бүтцийг Засгийн газар тогтоохоор тусгасан байна. Энэ нь ХЗДХ-ийн сайдын эрх мэдэлд халдсан асуудал биш үү хэмээн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар асуулаа. Цагдаагийн байгууллагын бүтцийг томилогдсон сайд бүр нь өөрчилдөг. Тиймээс тус байгууллагын тогтвортой байдлыг хангах үүднээс энэ эрхийг Засгийн газарт шилжүүлж байгаа юм.ХЗДХ-ийн сайдад зөвхөн Цагдаагийн байгууллагын даргыг томилох эрхтэй хэмээн Ажлын хэсгээс хариулав.

Ийнхүү хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй зургаан санал тус бүрээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ. Мөн хуулийн төслийг бүхэлд нь батлахыг 93.9 хувийн саналаар дэмжив.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ