Элчин сайд З.Чинтүшиг Итгэмжлэх жуух бичгээ барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-07 16:52:42

Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахт 2017 оны 2 дугаар сарын 7-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Кувейт Улсын Эмир Элчин сайд З.Чинтүшигийг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд З.Чинтүшиг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дотно мэндчилгээг Кувейтийн Эмирт уламжилж, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө  идэвхтэй ажиллахаа нотлохын зэрэгцээ  Эрхэм дээд Эмирийн дэмжлэгийг хүлээж ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Кувейт Улсын Эмир Монгол, Кувейтийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж,  Монгол Улсад зочлон очих бүрд хүндэтгэлтэй хүлээн авдагт онцгойлон талархал илэрхийлэв. Мөн тэрбээр шинэ Элчин сайдын ажиллах хугацаанд хоёр талын харилцаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гээд ажлын өндөр амжилт хүсэв.

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд Кувейт Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Халид Аль-Хамад Аль-Сабах, Эмирийн Ордны хэрэг эрхлэх асуудал хариуцсан дэд сайд Шейх Али Жарра Аль-Сабах зэрэг албаны хүмүүс байлцав.

Холбоотой мэдээ