Хөгжлийн банкны тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэвч тус банкны үйл ажиллагаа болон холбогдох бусад харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн боловсронгуй бус байдал нь банкны амжилттай, үр ашигтай ажиллах боломжийг бууруулж байгаа юм. Хөгжлийн банк нь улс төрөөс хэт хараат, мэргэшсэн боловсон хүчин дутмаг, эдийн засгийн хувьд үр өгөөж багатай, нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийг хэт ихээр санхүүжүүлсэн зэрэг алдаатай үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Тиймээс дээрх алдааг засч, банкны үйл ажиллагааг төгөлдөржүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан хэмээн Засгийн газар танилцуулгадаа дурьджээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Засгийн газар, Олон улсын валютын сан (ОУВС) хооронд хэлэлцээр үргэлжилж байгаа юм. Хэлэлцээр эсэцлэн батлаагүй байгаа энэ үед Хөгжлийн банкны болоод, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, хууль, эрхзүйн орчин тогтворгүй гэдэг байдлаар хэлэлцээр зогсох магадлалтай. Тиймээс хэлэлцээр дуусах хүртэл хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах нь зөв” гэсэн санал гаргасан. Мөн тэрбээр, “Би Сангийн яамнаас ОВУС-гаас Хөгжлийн банкны тухай хуулийг батлах нь хэлэлцээрт нөлөөлөхгүй гэсэн бичиг авч өгөхийг хүссэн. Гэвч хариу өгөхгүй 14 хонож байна” гэлээ.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, “Бид Ч.Хүрэлбаатар гишүүний хүсэлтийг ОУВС-д хүргүүлсэн. Гэвч бидэнд хариу өгөх боломжгүй гэсэн тайлбар ирүүлсэн” гэлээ.
Ч.Хүрэлбаатар гишүүний саналаар хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал хураалт явуулсан ч гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ийнхүү хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр тогтов.
Ч.Ариунболд