Сард 10-15 хүүхэд түлэгдэж эмнэлэгт ирж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-06 15:25:20

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт сард 10-15 хүүхэд түлэгдэж ирдэг байна. Энэ нь жилд 180 орчим хүүхэд түлэгдлийн эмчилгээ хийлгэдэг гэсэн үг юм.

Бага насны хүүхэд түлэгдэлтэд өртөж, түүнээс шалтгаалж нас барах тохиолдол улсын хэмжээнд анхаарал татаж байна. 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын 76 хувь нь түлэгдэлтээс үүдэлтэй гэсэн судалгаа ч гарчээ.

Бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдлийн талбай нь бага ч бие мах бодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг учир зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болдог байна. Улмаар насан туршид хөгжлийн бэрхшээлтэй болох эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйгээрээ хохирч ирээдүйд идэвхгүй амьдралтай болох эрсдэл ч байдаг ажээ.

Түлэгдэлтээс сэргийлэхийн тулд эцэг эхчүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Нэгдсэн эмнэлгийнхэн аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдээр явж сургалт хийж байна. Энэ сургалтад хүүхдүүдийн аав ээжийг ирүүлж мэдээлэл өгөх юм. Энэ ажлыг орон даяар явагдаж байгаа “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас” сарын аяны хүрээнд хийж байгаа юм.

О.Амарзаяа

Холбоотой мэдээ