Нийслэлд газар эзэмших зөвшөөрлийг 15  жилээр сунгана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-06 13:21:01

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотод газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг 15 жилээр сунгадаг болох захирамж гаргав.

Энэ талаар өнөөдөр Нийслэлийн удирдлагуудад мэдээлэл хийв. Нийслэлийн Газрын албанаас мэдээлэв. Тус газраас иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн хугацааг таван жилээр сунгадаг байсныг 15 жилээр сунгадаг болсноор иргэд, ААН өөрийн эзэмшлийн газартаа тогтвор суурьшилтай, хөрөнгө оруулалтын зөв бодлого төлөвөлт хийж ашиглах боломж бүрдэж байгаа юм. Газрын төлбөрөө тогтмол төлдөг аж ахуйн нэгжийн эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг ямар нэгэн тусгай шаардлага, нөхцөлгүйгээр хүлээн авч, шийдвэрлэх аж. Харин  газар эзэмших эрх авчихаад  төлбөрөө төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй аж ахуй  нэгж, иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.

НЗД С.Батболд,  “Нийслэлийн зүгээс газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээг олгох ажлыг нээлттэй, ил тод авлигаас  ангид явуулах “Газрын менежментийг сайжруулах цогц арга хэмжээ” хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Улсын хэмжээнд эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед амины орон сууцаа барих гэж буй иргэд, үйлдвэр, ажлын байр бүтээн байгуулж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих зүй ёсны шаардлага бий болсон. Цаашдаа Улаанбаатар хот Газрын биржтэй болно. Ингэснээр газрыг нээлттэй, зөв менежментэйгээр иргэд, аж ахуй нэгжид  олгох, эзэмшүүлэх боломжтой болно гэж үзэж байна” гэв.

Э.Энэрэл

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ