“Монгол нум сум” дэд хөтөлбөр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-06 11:10:53

Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Монгол нум сум” дэд хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр баталлаа.

Дэлхийн соёлын үнэт өв болон тэмдэглэгдсэн эрийн гурван наадмын нэгэн төрөл Монгол үндэсний сурын харвааг өвлүүлэн уламжлах, эрийн гурван наадмыг хөгжүүлэх, үндэсний сурын харвааны ойлголт, дэг соёлыг нийтэд түгээх, спортын хэрэглээг нэмэгдүүлэх, нум сум, сурын харвааны материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж аймгийн хэмжээнд сурын спортоор хичээллэгсдийн тоог 3 дахин буюу 600-д хүргэх юм байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж ирэх 3 жилд улс, орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрээс 121,4 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Аймгийн баяр наадамд сурын харвааны төрлөөр Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Булган зэрэг 11 сумаас харваачид тогтмол оролцож, эдгээр суманд нийтдээ 224 иргэн сурын харвааг сонирхон хичээллэдэг байна. Үндэсний сурын спортын уламжлалыг Бүрэгхангай сумынхан авч явдаг бөгөөд аймаг сумын наадмын түрүүг алддаггүй гэхэд хилсдэхгүй. Зөвхөн тус суманд аймгийн цолтой 10, спортын мастер, спортын дэд мастер цолтой 8 харваач байдаг юм.

Аймгийн хэмжээнд үндэсний сурын харвааны холбоогоо ч байгуулаагүй эрийн гурван наадмын нэг төрөл сурын спортыг хөгжүүлэхээр “Монгол нум сум” хөтөлбөр батлаад байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ