Хотын дарга С.Батболд Монголд өвлийн спортыг хөгжүүлэх боломжтойг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн хүн амыг биеийн тамир спортоор хичээллэх сонирхлыг идэвхжүүлэх зорилгоор Хүй долоон худаг дахь "Монгол наадам" цогцолборын “UB Resort” цанын баазад нийслэл, дүүргийн нутгийн захиргааны 79 байгууллагын нийт 8000 гаруй ажилтан албан хаагчийг хамарсан “Мөнгөн Улаанбаатар-2017” өвлийн спортын наадам өнгөрсөн бямба гарагт болж өнгөрлөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ "Улаанбаатар сэрүүн бүсийн хот учир өвлийн спортыг хөгжүүлэх боломжтой. Өнөөдөр нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдаас гадна нийслэлийн иргэд, хүүхэд залуус хүрэлцэн ирсэн байна. Та бүхнийг нэг өдөр сайхан амарч, баярлахыг хүсье" гэв.
Үүний дараа өдөрлөгийн "Галт бамбар"-ыг морьтон баатрууд хүндэтгэлтэйгээр залан ирснийг “Рио де Жанейро-2016” зуны олимпийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа буухиачлан Хотын даргад гардуулсан юм. Улмаар Засаг дарга С.Батболд тэргүүтэй нийслэлийн удирдлагууд бамбар асааснаар өдөрлөг албан ёсоор эхлэв.
Өмнөх жил "Мөнгөн Улаанбаатар-2016" өдөрлөг Хандгайтын цанын баазад болж байсан бол энэ жил "Мөнгөн Улаанбаатар-2017" Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт болсон бөгөөд өмнөх жилүүдээс хоёр дахин их албан байгууллага, ААН, иргэд оролцож буйгаараа онцлогтой байв.
"НЗДТГ, НИТХ-ын шийдвэрээр өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор Хүй Долоон худагт Монгол Наадам цогцолборын суурийг өнгөрсөн онд тавьсан. Зуны улиралд үндэсний их баяр наадмаар иргэдийн хөлд дарагддаг Хүй мандлын дэвжээ өнөөдөр цасны баяраа тэмдэглэсэн иргэдийн хөл ихтэй өнжиж буй нь таатай сайхан байна.
Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т өвлийн спорт, аялал жуулчлалыг хөгжүүлж, иргэд, хүүхэд залуус эрүүл агаарт бие бялдраа хөгжүүлэх, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “UB Resort” цанын баазыг байгуулсан хэмээн "Монгол Наадам цогцолбор"-ын ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл хэлэв.
“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадамд зориулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа газар, агентлаг, оролцогч байгууллагууд цас мөсөөр бүтээл урлаж, мөсөн хотхон байгуулж, шилдэг бүтээлийг шалгарууллаа.
Мөн наадам зохион байгуулах ажлын хэсгийн зүгээс болон байгууллагууд олон олон уралдаан тэмцээн зохион байгуулж, нэг өдрийг эрүүл агаарт хөгжилдөж өнгөрүүлэв. Иргэд мөн “UB Resort” цанын баазад цана, чарга, тэшүүрээр гулгаж, морин чаргаар аяласнаас гадна цаа буга, шонхор зэрэг амьтадтай зургаа татуулж байв.
Өдөрлөгийн үеэр нийслэлийн 2016 оны шилдэг 5 спорт баг хамтлагт хотын удирдлагууд шагнал гардууллаа. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны дэргэдэх биеийн тамирын баг, Нийслэлийн Архивын газрын биеийн тамирын баг, Нийслэлийн Онцгой байдлын газрын биеийн тамирын баг, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дэргэдэх биеийн тамирын баг, ахлагчтай Нийслэлийн Зураг төслийн газрын биеийн тамирын баг тус тус шилдгээр шалгарав.
Мөн Нийслэлийн Цагдаагийн газрын “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн нээлт болсон юм. Энэ хөтөлбөрийн гол зорилго нь цагдаагийн байгууллагын ажилтан, албан хаагчдын бие бялдарыг эрүүлжүүлж хөгжүүлэхэд чиглэгдэж буй. Хөтөлбөр нэг жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд цагдаагийн алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, вакцинжуулах, бие бялдарыг чийрэгжүүлэх, тэдний сэтгэл зүйн хямрал, гутрал, депрессийн түвшинг буруулах гэсэн таван чиглэлээр зохион байгуулна” хэмээн цагдаагийн хурандаа К.Нямдаваа ярьлаа.
Р.Хишигжаргал
Гэрэл зургийг Т.Батбаяр