Элчин сайд Лангтри: Монгол, Австраличууд бие биеэ сайн ойлгодог
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР1972 оны Есдүгээр дүгээр сарын 15-нд Монгол, Австрали улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай баримт бичигт гарын үсэг зурснаар эхлэл нь тавигдсан хоёр улсын дипломат харилцаа 45 дахь жилдээ цэцэглэн хөгжиж байна.
Жил бүрийн Нэгдүгээр сарын 26-ны өдөр тохиодог Австралийн өдрийг ёслон тэмдэглэх, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээг нээх хоёр үйл явдлыг давхцуулан хоёрдугаар сарын 3-ны өдөр Австрали улсын ЭСЯ-наас хүлээн авалт зохион байгуулав.
Монгол, Австрали улсын төрийн дуулал эгшиглэснээр ёслол төгөлдөр эхэлсэн уг хүлээн авалтад оролцохоор Монголд суугаа гадаадын Элчин сайдууд, дипломатууд, Австралид суралцаж төгссөн үе үеийн Монголчууд, Австралиас манай улсад ажиллаж буй сайн дурын ажилтнуудаас бүрдсэн 300 гаруй зочин цугларсан байв.
“2017 бол бидний хувьд маш чухал жил бөгөөд бидэнд тэмдэглэх зүйл их байна” хэмээн Австрали улсаас Монголд суугаа Элчин сайд Жон Лангтри хэлсэн юм.
Тэрбээр Австрали улсаас Монголд суугаа анхны суурин Элчин сайдын хувьд Австралийн өдрийг анх удаагаа ёслон тэмдэглэв. Хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ " Жил гаруйн өмнө Австрали улсын ЭСЯ-ыг байгуулснаас хойш хоёр улсын харилцаанд тохиож буй хэдэн чухал үйл явдлыг онцлон тэмдэглэхэд таатай байна. Монголын олон залуус Австралид чанартай боловсрол эзэмших эрмэлзэлтэй байгаад бид маш их баяртай байдаг. Олон улсыг хамарсан хөгжлийн туслалцааны хэмжээ буурсантай холбоотой өөрчлөлтөд орохоос өөр аргагүй болсон Австралийн тэтгэлэгт хөтөлбөр зохих түвшинд эргэн сэргээж нэмэгдүүлэхэд анхааран ажиллалаа. Бид тэтгэлэгт хөтөлбөрөөр Австралид сурч буй монголчууд болон сонгон шалгаруулалтад тэнцээд хүлээж байсан хүмүүст өгсөн амлалтаа бүрэн биелүүлэв. Энэ жилээс шинээр тэтгэлэг олгох боломж гарсанд бид их баяртай байгаа бөгөөд тэтгэлгийг цаашид аажмаар нэмэхэд санаа тавин ажиллаж байна” гэсэн юм.
Тэрбээр үргэлжлүүлэн, “Австрали, Монгол улс аль аль нь уул уурхайн салбар, нөөц боломжоо хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтаас хамааралтай байдаг ба бидэнд харилцан хуваалцах туршлага арвин бий. Бид мэргэжлийн боловсрол, хөдөө аж ахуй, нийгмийн эрүүл мэнд, уул уурхайн салбар дахь сайн туршлага-засаглалыг хөхиүлэн дэмжиж, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад анхаарах болно. Австралийн сайн дурын ажилтнууд энэ бүхнийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа билээ” гэсэн юм. 1998 оноос хойш Австрали улсаас 300 орчим сайн дурын ажилтнууд Монголд ирж ажилласан байна.
Элчин сайд үргэлжлүүлэн хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар, “Монгол Улсын зэвсэгт хүчин чадварлаг зохион байгуулж буй "Хааны эрэлд" олон улсын сургуулилтад оролцож байгаадаа бид үргэлж таатай байдаг. Түүнчлэн манай хоёр улсын цэргүүд Өмнөд Судан, Афганистан зэрэг оронд мөр зэрэгцэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй нь бахархалтай” гэлээ.
Австрали, Монгол улсад ээлжит Засгийн газар шинээр байгуулагдаад байгааг Элчин сайд дурдаад хоёр улс хоёулаа эдийн засгаа цогцлоон, шинэчлэх том сорилтуудтай тулгарч байгааг онцлов. Тэрбээр хэлэхдээ, “Монгол Улс төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийг зорин, ОУВС, бусад байгууллага болон гуравдагч хөршүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байгаад Австрали улс баяртай байна” гээд хоёр улсад нийтлэг зүйлс нэг бус байгааг олзуурхаж байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн УИХ-ын гишүүн Н. Энхболд үг хэлэх үеэрээ “Өнгөрсөн жилүүдэд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтын хүрээнд амжилттай хөгжиж ирснийг тэмдэглэхэд таатай байна. Өнөөдөр Австрали Улс нь Ази Номхон далайн бүс нутаг дахь Монгол Улсын найдвартай, чухал түнш болж, Монгол Улсын олон-тулгуурт гадаад бодлогод Австрали Улстай тогтоосон өргөтгөсөн түншлэлийн харилцааны эзлэх байр суурь, гарах жин нөлөө өссөөр байна” хэмээн тэмдэглэв.
Тэрбээр хэлэхдээ, “Өнгөрсөн хугацаанд уул уурхай, боловсролын салбарын хамтын ажиллагаандаа томоохон ахиц гаргаж чадсан. Цаашдаа улс төрийн итгэлцэлд суурилсан түншлэлээ бэхжүүлэхийн зэрэгцээ эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, эрүүл мэнд, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсч байна” гэсэн юм. Австралийн Засгийн газрын 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Шинэ Коломбо” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 35 австрали залуу манай улсад суралцах болсныг тэрбээр дуулгав.
Австрали нь жил бүр Монголд 10 сая австрали долларын тусламж үзүүлж байна. Хоёр улсын харилцаанд гол байр суурь эзлэх хоёр салбарын нэг бол боловсролын салбар юм. 1994 онд анхны Монгол оюутнууд Австралийг зорьсон байна. Түүнээс хойш 500 орчим монгол оюутан тус улсад суралцаж төгсөөд буй бөгөөд тэднийг нэгтгэгч гол байгууллага нь Монгол-Австралийн нийгэмлэг юм. “Мozzies” (Mongolian Aussies) нэрээрээ илүү танигдсан тус байгууллага өдгөө 280 гишүүнтэй.
Монголчууд Австралид очих замыг нээсэн хүмүүсийн нэг, 1994 онд Австралид суралцахаар очсон Балганжавын Хулдорж “Тухайн үед Монголчуудын дунд Австраличуудын тухай мэдлэг тун хомс байсан. 1990-ээд оны эхэн үед Монголчууд Австралийг “бөглүү орон, Английн колони, хэрэгтнүүдээ цөлдөг газар” гэх мэтээр тодорхойлж байсан шүү дээ. Намайг тийм ойлголттой яваад очиход Австралид Монголын тухай ойлголт ердөө байгаагүй. Би 1994 онд битүүний орой очсон юм. Тэгээд Австралийн томоохон хотуудаар тарсан цөөхөн хэдэн Монголчууд цуглаад шинэлсэн л дээ. Тэгж бид Австралийн хэвлэлд гарч байлаа. Австраличууд Хятадын цагаан сарыг мэдэж байсан бөгөөд бид анх удаа Монголын цагаан сарын ялгааг таниулж, хэвлэлээр гарч байлаа. Тэр жилээс хойш жил бүр цагаан сараа тэмдэглэдэг уламжлал тогтон, Австраличууд бидэнтэй хамт шинэлж бууз иддэг болсон. Хөдөө аж ахуйн орон учраас Монголчууд, Австраличуудын яриа их нийлдэг. Монгол, Австрали улс маш хурдан хугацаанд ойртож, бие биенээ ойлгосон” хэмээн хуучилсан юм. Тэрбээр Австралид сурч төгссөн анхны төгсөгчдийн нэг юм.
Энэ талаар Элчин сайд Лангтри хэлэхдээ, “Австраличууд, Монголчууд хялбархан ойлголцдог гэж би боддог. Манай хоёр улсад ижил төстэй тал олон бий, тухайлбал, адилхан хошин шогийн мэдрэмж, гэр бүлийн үнэт зүйлүүд гэх мэт. Мөн аль аль нь чанартай боловсролд ач холбогдол өгдөг” гэв.
Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоны 45 жилийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж байгааг Элчин сайд Лангтри дуулгасан юм. “Ойн хүрээнд урлагийн тоглолтууд болохоос гадна Элчин сайдын яамны барилга ашиглалтад орно” гэж тэрбээр хэлээд Австрали улсын Гадаад хэргийн сайд Жули Бишоп энэ жил Монголд айлчлах хүсэлтэй байгааг ярилаа.