Ногоон карт эзэмшигчид АНУ-д чөлөөтэй нэвтэрнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-02 12:56:38

ЛОНДОН./BBC/. Лалын долоон улсын ногоон карт эзэмшигч иргэд АНУ-д чөлөөтэй нэвтэрч болно гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 1 дүгээр сарын 27-нд гарын үсэг зурсан зарлиг ёсоор дүрвэгчид хүлээн авах бүх хөтөлбөрийг 120 өдрийн хугацаагаар түр зогсоож, лалын долоон орны иргэдийг 90 хоногийн хугацаанд АНУ-д нэвтрэхийг хориглосон билээ.

Трампын шийдвэр Америк даяар эсэргүүцэл дэгдээв. Ногоон карт эзэмшигч нь АНУ-д байнга оршин суух эрхтэй байдаг боловч зарлигт дурдсан лалын орнуудын ногоон карт эзэмшигчид хоригт багтсан явдал нь дээрх зарлигийн хамгийн их зөрчилтэй заалт болжээ.

Харин зарлиг гарснаас хэдхэн хоногийн дараа Цагаан ордны албаны хүмүүс мэдэгдэхдээ, ногоон карт эзэмшигчид визгүй нэвтрэх хөтөлбөрийн мэдүүлэг өгөн АНУ-д 90 хүртэл хоногийн хугацаагаар нэвтэрч болно гэсэн тайлбарыг өгчээ.

2 дугаар сарын 1-нд Шон Спайсер мэдэгдэхдээ, ногоон карт эзэмшигчид ийм мэдүүлэг өгөх шаардлагагүй, тэд АНУ-д ямар ч саадгүйгээр нэвтэрч болно хэмээн тодотгон хэлсэн ба ерөнхийлөгчийн зарлигт зохих өөрчлөлтийг оруулсан байна.

Трампын зарлиг иргэний нийгэм, албан тушаалтнууд, бизнесменүүдийн эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа юм. Эрүүлийг хамгаалах, технологи, боловсролын салбарын томоохон компанийн удирдлагууд хэлэхдээ "цагаачдыг хүлээн авахыг хязгаарлаж байгаа нь мэргэжилтэй ажилтнуудыг ажилд авахад саад учруулж байна" хэмээн шүүмжилжээ.

Вашингтон, Массачусетс, Нью-Йорк, Виржиниа муж улсууд Трампын зарлигтай холбогдуулан шүүхэд гомдол гаргах гэж байгаа аж.

                                                                                                               О. Барс

 

Холбоотой мэдээ