Архангай аймаг дурангийн хагалгааны аппараттай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэвлийн хөндийн дурангийн хагалгаа хийх тоног төхөөрөмжтэй боллоо.
Хэвлийн хөндийн дурангийн хагалгаанд цөсний бүхий л төрлийн хагалгаа, мухар олгой болон хэвлийн хөндийд үүссэн хагалгаа шаардлагатай гэсэн эх үүсвэр болгоныг авах боломж бүрдсэн гэсэн үг юм. Мөн дан ганц хэвлийн хөндийн биш чээжний хөндийн болон эмэгтэйчүүдийн дурангийн хагалгааг хийж болно гэдгийг улсын 1-р төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмч О.Ганбат хэллээ.
Дурангийн хагалгааны тоног төхөөрөмж нь Германд үйлдвэрлэгдсэн, 132 сая төгрөгийн өртөгтэй. Шинэ төхөөрөмжийг энэ сарын 29-ний өдөр суурилуулж, 9 хүнийг цөсний хагалгаанд оруулжээ. Одоогоор 20 орчим хүн хагалгаанд орохоор бүртгүүлсэн байна. Улсын хэмжээнд 1-р шатлалын 5 эмнэлэгт дурангийн хагалгаанд ороход нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг. Харин 2-р шатлалын эмнэлэг буюу Архангай аймагт дурангийн хагалгаанд ороход НДС-гаас хөнгөлөлт авахгүй юм байна. Хэдий ийм нөхцөлтэй ч хэвлийн дурангийн хагалгааны тариф нь боломжийн, нөгөө талаар иргэдийг Улаанбаатар явж зардал өндөр гарахаас сэргийлж байгаа нэг хэлбэр юм.
Аймгийн ЭМГ-ын орлогч дарга Г.Мандах хэлэхдээ, “хагалгаанд орж байгаа иргэдэд ямар нэг зовиур бага, нөгөө талаар хагалгааны дараах үр дүн өндөр ийм тоног төхөөрөмжийг бид суурилуулаад авлаа. Бид дараагийн удаа эмэгтэйчүүдийн чиглэлээр дурангийн технологийг нэвтрүүлэх бодолтой байгаа” гэлээ.
Б.Гэрэлт-Од