"Биокомбинат" ТӨҮГ-ыг Унгарын дэмжлэгээр иж бүрэн шинэчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.
УИХ-ын гишүүн А.Сүхбат, "Малын эмийн замбараагүй хэрэглээ газар авсан байна. Аль орны малын эм тарилга, туулга сайн юм бэ гэдэг нь ойлгомжгүй. Маш олон төрлийн эм тариа оруулж ирдэг. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ? ОХУ-тай ямар түвшинд хамтарч ажиллах гэж байна вэ" гэхэд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, "ХАА-н чиглэлээр ОХУ-д 4 чиглэлийн санал тавьсан. Өнгөрсөн сард ОХУ-аас бидний тавьсан саналыг хүлээж авснаа албан ёсоор мэдэгдсэн албан тоот ирсэн. ОХУ-ын төлөөлөгч 14 хоногийн дараа Монголд ирнэ. Энэ үеэр хөтөлбөрөө хэлэлцэж батална" гэсэн хариулт өгсөн.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, "Мал эрүүлжүүлэх ажлыг онцгой анхаарч, мал эмнэлгийн тогтолцоог босоо тогтолцоотой болгох хэрэгтэй. Өнөөгийн мал эмнэлгийн тогтолцоо нийгэм, эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Мал эмнэлгийг хувьчилснаар малчид өөрсдөө малын эмч шиг болчихоод байна. Малын эмийн хэрэглээ замбараагүй болсон. Тиймээс мал эмнэлгийн үйлчилгээг хариуцлагажуулах шаардлагатай" гэв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, "Биокомбинатын үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн улсын нийт хэрэгцээний 15 хувийг хангаж байгаа. Унгарын тусламжаар Биокомбинатад эрс шинэчлэл хийнэ. Ингэснээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болно. Тодорхой ажлын байр бий болно гэсэн асуудал ярьж байна. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөх үү" гэсэн асуудлыг тодруулсан. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, “Биокомбинатын шинэчлэлийн асуудлаар Унгарын талтай тохиролцсон. Энэ оны эхний улиралд багтаж шинэчлэлийн ажлын нээлтийг манай улсад хийе гэж тохирсон. Хоёр талаас ажлын хэсэг гарсан. Унгарын ХАА-н сайд, тус улсын Эксим банк дэмжихээ илэрхийлсэн. Энэ хүрээнд иж бүрэн шинэчлэл хийнэ. 100 мэргэжилтнийг тус улсын дэмжлэгээр сургана" гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь сүүлийн үед гахай, тахай, үнээний фермийг олон тоогоор байгуулж байгаа тул малын эмч ажиллах зохицуулалтыг тусгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад 87,2 хувийн санал авлаа.
Б.Туул