С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойг тэмдэглэх тогтоолын төсөл өргөн барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн Ж.Батзандан “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны алдар гавьяаг мөнхжүүлж, түүний мэндэлсний 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барина гэж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Энэ онд С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой тохиож байгаа тул түүний амьдрал, үйл хэргийн түүхэн үнэнийг олон нийтэд таниулж, алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор УИХ-ын тогтоолын төслийг тэрбээр санаачлан боловсруулжээ. Засгийн газар дэмжсэн саналаа өчигдөр ирүүлсэн тул тун удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх аж. Тогтоолын төсөлд ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулах комисс байгуулах, хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, С.Зориг агсанд төрөөс олгосон шагнал, бэлэг, дурсгал, эдлэл хэрэглэлийг Түүхийн музейд байршуулах, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах зардал зэрэг асуудлыг тусгажээ.
Ж.Батзандан гишүүн энэ үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалын асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр 49 хувийн хувьчлалыг шалгах ажлын хэсгийн гишүүн бөгөөд энэ үеэр хэлэхдээ, "Ажлын хэсгээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчилсан гэсэн дүгнэлт гаргасан. Дүгнэлттэй санал нийлсэн учраас би гарын үсгээ зурсан.
Худалдаа хөгжлийн банк 400 сая долларыг гаргах ямар ч боломжгүй. Энэ мөнгийг Монгол банкнаас авсан. Монгол банк арилжааны банкинд мөнгө зээлэх ёсгүй. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн гишүүд бараг 10 мянга орчим хуудас материалтай танилцаж 15 удаа хуралдаж байж шийдвэрээ гаргасан. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж эцсийн байдлаар шийдвэрлэх ёстой” гэлээ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ