Хилчид өөрсдийн хүчээр Соёл, урлагийн төвтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-01-20 18:31:34

   Увс аймгийн Баруунтуруун сум дахь Хилийн цэргийн 0311-р ангийн хамт олон өөрсдийн хүч бололцоогоо ашиглан соёл, урлагийн төвтэй болжээ.

Тэд, захиргаадалтын үед Баруунтурууны Сангийн аж ахуйн авто засварын газар байсан барилгын хуучин суурийг ашиглан ХХЕГ, Хилийн 0119-р ангитай хамтран соёл урлагийн төвийн барилгын ажлыг өнгөрсөн оны 10-р сард ашиглалтанд оруулж, 12-р сарын 24-ний өдөр нээлтээ хийсэн байна. Шилэн пасадтай, орчин үеийн стандартын дагуу тохижуулсан, ангийн нэгдсэн халаалтын системд холбогдсон Соёл, урлагийн төв нь дотроо 250 хүний суудалтай, хөгжим, техник төхөөрөмжөөр бүрэн хангагдсан Соёлын төвтэй байна.

Мөн тус сумын хүүхэд залуучууд болоод Хилийн цэргийн 0311-р ангийн бие бүрэлдэхүүн биеийн тамираар хичээллэж, аймаг, бүс, улсын чанартай тэмцээн уралдааны бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцлийг бүрдүүлсэн спорт заал, бие бялдрын өв тэгш хүмүүжил, хөгжил олгох фитнесийн танхим зэргийг цогцоор нь нэг дор бүрдүүлсэн байна.

Тус ангийн удирдлага, бие бүрэлдэхүүний хийж хэрэгжүүлсэн энэхүү Соёл, урлагийн төв нь бусад сум, аймагт үлгэр жишээ болохуйц томоохон ажил болоод байна.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ